Нийгэм
Бутан улс эдийн засгаа сэргээхийн тулд жуулчид хүлээн авах журмаа өөрчилөв
Жуулчдын Бутанд байрлах хугацаандаа заавал төлөх ёстой өдрийн хураамжийг 2027 оны наймдугаар сар хүртэл 200 ам.доллароос 100 ам.доллар болгон бууруулжээ.
Олон жилийн турш тэнцвэртэй амьдралын хэв маягийг нэгдүгээрт тавьж, эдийн засгийн өсөлтөөс илүү сайн засаглалыг чухалчилж ирсэн Бутаны хаант улс урьд нь хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийх гэж байна. Гүнзгий удаашралд орсон эдийн засгаа сэргээхийн тулд тус улс илүү бие даасан, мөнгөндөө хэмнэлттэй жуулчдыг найрсгаар хүлээн авахаар шулууджээ.
Бутаны Ерөнхий сайд Цэрэн Тобгай 2023 оны 11 дүгээр сард өөрийн Ард түмний Ардчилсан намын сонгуулийн тунхаглалыг танилцуулахдаа улсынхаа эдийн засгийг “Уналтын ирмэг дээр байгаа” хэмээн тодорхойлж байв. Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын эдийн засгийн дундаж өсөлт ердөө 1.7 хувь байсан нь түүний хэлснийг баталж буй. Үр дүнд нь Бутанд залуучуудын ажилгүйдэл өндөр түвшинд хүрч, гадаад валютын нөөц нь нэлээд татарчээ. Энэхүү асуудлыг засаж чадах гол хэрэгсэл нь тус улсын хувьд аялал жуулчлал болж байна.
Бутан улс 2023 онд 103 мянган жуулчин хүлээн авсан нь цар тахлын өмнө буюу 2019 онд хүрч байсан дээд түвшнээсээ бараг 70 хувиар бага үзүүлэлт юм. Засгийн газрынх нь тавьсан шинэ зорилт бол жилд хүлээн авах жуулчдын тоог аль болох хурдан хугацаанд 300 мянга хүргэх, ингэхдээ өмнөхөөсөө илүү төрөлжсөн бааз сууриас жуулчид хүлээн авах явдал аж. Тодруулбал: нийт жуулчдын хамгийн багадаа 50 хувийг Азиас бусад бүсээс, тэр дундаа АНУ, Европ, Австралиас хүлээн авдаг болохоор тусгажээ. 2019 онд Бутаныг зорьсон нийт жуулчдын 73 гаруй хувийг Энэтхэг жуулчид бүрдүүлж байсан аж.
“Бид тэнцвэртэйгээр, үндэсний аз жаргалыг хангах зарчимдаа үнэнч байдлаар эдийн засгийн өсөлт бий болгох боломжтой” хэмээн Цэрэн Тобгай өсөлтийн төлөвлөгөөгөө танилцуулахдаа хэлж байв. Бутан улс амьдралын чанар, эрүүл мэнд, соёл урлаг, байгаль орчны хамгаалал гээд олон шалгуур үзүүлэлт бүхий Үндэсний аз жаргалын индексээр (GNH) нийт иргэдийнхээ сайн сайхан байдлыг хэмждэг.
Гималайн нурууны үзэсгэлэнт уулс, эгц хадан хавцал дээр баригдсан Буддын сүм хийдүүдээрээ алдартай тус улс анх 1974 оноос жуулчид хүлээн авч эхэлснээсээ хойш зөвхөн цөөн тооны, хөрөнгө чинээ сайтай жуулчдыг улсаараа аялахыг зөвшөөрдөг байв. Улмаар дундаж жуулчин тус улсад зочлох бараг боломжгүй гэсэн ойлголт дэлхийн аялагчдын дунд бий болжээ.
Харин одоо Бутан улс аялал жуулчлалын өсөлтийг өдөөх үүднээс юун түрүүнд хүртээмж, өртгийн тал дээр төвлөрч, дээрх саадуудыг арилгахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал: аравдугаар сард Бутан улс Ойрх Дорнодтой анх удаа шууд нислэгээр холбогдож, үндэсний агаарын тээвэрлэгч “Drukair” компани нь Дубай-Паро чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж эхэлсэн байна. Өмнө нь гадаадын аялагчид Сингапур, Бангкок зэрэг Азийн зангилаа цэгүүдээр дамжин нисэх, эсвэл заавал Энэтхэгээр дамжих шаардлагатай байсан юм.
Мөн наймдугаар сард Бутаны аяллын хөтөлбөр захиалгын анхны портал сайт нээгдсэнээр жуулчид аяллаа бие даан төлөвлөж, албан ёсны зөвшөөрөлтэй агентлагуудаас сонгох боломжтой болжээ. Ингэснээр аялал төлөвлөхөд заавал Бутаны аяллын агентлаг, тур операторуудтай холбогдож тусламж авдаг байсан асуудал шийдэгдсэн байна.
Хэдийгээр Бутанд заавал хөтөчтэй аялдаг хэвээр буй ч жуулчид агентлагууд, хөтчүүдийн үйлчилгээг судалж харьцуулаад шууд захиалах, мөн байр сууцаа өөрсдөө сонгож болдог болсон тул зардлаа багагүй хувиар бууруулах боломжтой гэсэн үг юм. Тус порталд одоогоор 1000 гаруй хөтөч, 471 аяллын агентлаг, 100 давсан зочид буудал, есөн ресторан бүртгэлтэй байна.
Үүнээс гадна жуулчдын Бутанд байрлах хугацаандаа заавал төлөх ёстой өдрийн хураамжийг 2027 оны наймдугаар сар хүртэл 200 ам.доллароос 100 ам.доллар болгон бууруулжээ. Жуулчдын төлсөн хураамжийг тус улс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдэд зарцуулдаг аж.
Эдгээр анхдагч арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлснээр Бутан улсын хүлээн авсан жуулчдын тоо 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 97 хувиар өсөхөд нөлөөлжээ.