Энтертайнмент
АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна
Хайлтын системийн зах зээлд “Google” монопол тогтоосон тухай шүүгчийн дүгнэлт гарчээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас “Google” компанийн хайлтын системийн монопол байдлыг зогсоохын тулд “Chrome” веб хөтчийг нь заруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийн технологийн хамгийн том компаниудын нэг “Google”-ийн хувьд энэ нь түүхэнд үлдэх томоохон өөрчлөлт болох юм.
Тус яамны Монополтой тэмцэх газраас “Google” компанийн бүтцийг задалж, “Chrome” веб хөтчийг нь заруулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүгчид хүсэлт гаргахаар шийдвэрлэснийг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Энэ хэрэг дээр ажиллаж буй АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Амит Мэта “Google” компани интернэт хайлтын системийн зах зээлд хууль бусаар монопол тогтоосон гэж өнгөрсөн наймдугаар сард дүгнэлт үйлдсэн аж.
Үүнээс гадна хиймэл оюун, дата ашиглалтын лиценз, ухаалаг гар утасны “android” үйлдлийн системтэй холбоотой арга хэмжээнүүдийг АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүгчид санал болгохоор төлөвлөсөн байна. Хэрэв шүүгч Амит Мэта эдгээр саналыг хүлээн авбал цахим хайлтын зах зээл, өдгөө ид өсөж буй хиймэл оюуны салбарыг эрс өөрчлөх боломжтой нөхцөл байдал бүрдэнэ.
“Google”-ийн монополын хэргийг анх Дональд Трампын засаг захиргааны үед үүсгэж, Ерөнхийлөгч Жо Байдены үед хянан шалгах үйл явц үргэлжилсэн юм.
Тус компанийн хувьд “Chrome” бол маш чухал бизнесийн сегмент. “Chrome”-ийн хэрэглэгчдийн үйл ажиллагаанаас дата боловсруулж, зорилтот зар сурталчилгааг хүргэдэг. Мөн хиймэл оюуны гол бүтээгдэхүүн “Gemini”-ийг тус веб хөтчөөр дамжуулан хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. “Statcounter”-ийн мэдээллээс харвал АНУ-ын веб хөтчийн зах зээлийн 61 хувийг “Chrome” эзэлж байна.
“АНУ-ын Хууль зүйн яам энэ хэрэгтэй холбоотой эрх зүйн хэр хэмжээнээс хальсан улс төрийн радикал үйл ажиллагаа явуулсаар байна” гэж “Google” компанийн Зохицуулалт хариуцсан дэд Ерөнхийлөгч Ли-Анн Малхолланд мэдэгджээ. 10 долоо хоног үргэлжилсэн шүүхийн сонсголын дараа наймдугаар сард гарсан шүүгчийн дүгнэлтийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа “Google” илэрхийлсэн байна.
Зах зээлийн хариу үйлдлийг харвал дээрх шийдвэрийн мэдээлэл гарсны дараа “Google”-ийн хувьцааны ханш 1.8 хувиар унаж, 172 ам.доллар болов.