CGTN мэдээ
Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

Ши Жиньпин хэлэхдээ, саяхан би ерөнхийлөгч В.Путинтэй гүнзгий, найрсаг, баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, олон шинэ чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Бид “Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалт болон НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэхийг тохиолдуулан БНХАУ, ОХУ-ын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д хамтаар гарын үсэг зурж, хоёр орны холбогдох салбарууд хамтын ажиллагааны олон баримт бичгийг харилцан солилцоход байлцаж, БНХАУ, ОХУ-ын харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмсэн гэв.
Ши Жиньпин онцлохдоо, ОХУ нь миний бие БНХАУ-ын даргын хувиар хамгийн олон удаа айлчилсан орон бөгөөд энэ удаад арван нэг дэх удаагаа Орост ирэв. Маргааш би ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно. Энэ нь миний хувьд 10 жилийн дараа энэхүү томоохон дурсгалын арга хэмжээнд дахин оролцож байгаа болно. Өнгөрсөн 10 жил нь олон улсын байдалд асар их донсолгоо өөрчлөлт гарсан 10 жил байсан боловч Хятад, Оросын харилцаанд асар их хөгжил дэвшил гарсан 10 жил ч байлаа. БНХАУ, ОХУ хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжин гүнзгийрч, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг бид хамтдаа харлаа. Дэлхийн, цаг үеийн, түүхийн өөрчлөлтийн өмнө Хятад, Орос хоёр орон хоёр талт харилцааныхаа урагшлах чиглэл, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тууштай барьж, үүрэг хариуцлагаа үүрч, бүх талаар хамтран ажиллаж, хоёр орны хөгжил, сэргэн мандалтыг ахиулж, олон улсын эрх тэгш байдал, шударга ёсыг хамгаалахад шинэ илүү их хувь нэмрээ оруулах ёстой юм.
Одоогоос 80 жилийн өмнө милитаризм, нацизмын савартай нүүр тулж, Хятад Орос хоёр орны цэрэг ард бүгдээрээ дайсныг үзэн ядаж, мөр зэрэгцэн тулалдаж, түүхийн сүр жавхлант баатарлаг хуудсыг бичиж үлдээсэн юм. Хоёр орны ард түмний цус асгаруулсан тэмцэл хийгээд дайны галын дунд тогтоосон агуу нөхөрлөл нь хоёр орны харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх бат суурийг тавьсан юм. БНХАУ ОХУ хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам боловсронгуй, уян хатан ирээдүйд хүргэх ёстой.
Харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх, харилцан бие биенээ амжилтад хүргэх сайн түнш байх ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны үед хүндрэл саад бэрхшээлийг даван нэн шаардлагатай их хэмжээний материалыг бие биедээ тээвэрлэж байснаас эхлээд эдүгээ хоёр талын худалдааны хэмжээ дээд амжилтад хүрсээр байгаа хүртэл Хятад Оросын харилцан ашигтай хамтын ажиллагааны “хурдны галт тэрэг” уул голыг дамжин, саад бэрхшээлийг давж, ер бусын замналыг туулсан юм. БНХАУ ОХУ хоёр тал олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны материаллаг суурийг бататгаж, хоёр орны ард түмэнд тасралтгүй үр өгөөжөө өгч, дэлхий нийтийн хөгжилд улам хүчтэй түлхэц үзүүлэх ёстой.
Шударга ёсыг дээдэлж, олон улсын дэг журмыг хамгаалагч байх ёстой. БНХАУ ОХУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Ази, Европ дахь тулалдааны гол талбар байсан бөгөөд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад шийдвэрлэх хувь нэмэр оруулж, дайны дараах олон улсын дэг журмыг тогтоох үндэс суурийг тавьсан юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой, эерэг, дэвшилтэт хүчин болохын хувьд БНХАУ ОХУ хоёр орон үргэлжлэн тууштай хамт байж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнцийг үргэлжлүүлэн урагш ахиулах ёстой.
Хүч хамтран бэрхшээлийг давж, дэлхийн засаглалын манлайлагч болох ёстой. Дэлхийн ирээдүй, хувь заяаг бүх улс орнууд хамтран тодорхойлж, дэлхийн хөгжлийн үр шимийг бүх улс орон хуваалцах ёстой. Хятад Орос хоёр орон дэлхийн томоохон гүрнүүд, хөгжиж буй зах зээлийн чухал орнуудын хувьд дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэлд ахиулах эрхэм зорилгыг мөрөндөө тээж байна. Хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт индэр дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, жинхэнэ олон талт үзлийг баримталж, дэлхийн засаглалыг зөв чиглэлд удирдан, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг ахиулах ёстой гэв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, олон улсын нөхцөл байдал өөрчлөлт эмх замбараагүй байдлаар дүүрэн байгаа энэ үед БНХАУ ОХУ хоёр орон мөнхийн сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн зохицуулалт, харилцан ашигтай хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх үзэл санааг тууштай баримталж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, Хятад Оросын харилцааны өндөр, хэмжээ, уян хатан чанарыг бүх талаар дээшлүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд илүү олон тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн хөгжил цэцэглэлтэд илүү хүчтэй түлхэц өгөх ёстой гэв.
