Энтертайнмент
Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Криштиано Роналдо Дос Сантос Авэйрогийн том хүү Криштиано өчигдөр Хорватад болж буй Влатко Марковичийн нэрэмжит өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээнд анх удаагаа Португалын 15 хүртэлх насны шигшээ багт багтан тоглолоо.
Японы шигшээг 4:1-ээр хожсон тоглолтын 58 дахь минутад жижиг Криштианог сэлгээгээр гаргасан юм. Энэхүү тоглолтын дараагаар Криштиано Роналдо сошиал хаягтаа “Шигшээ багт анх удаа тоглосон хүүдээ баяр хүргэе. Чамаараа маш их бахархаж байна” хэмээн бичжээ.
Жижиг Криштиано аавынхаа адил 7 дугаартай тоглолоо. Криштиано Роналдог Английн “Манчестер Юнайтед”-д анх ирмэгц нь дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон их итгэж буйн нотолгоо болгон, клубынхээ домогт 7 дугаарыг өгснөөс хойш CR7 брэнд болтлоо өргөжиж, алдаршаад байгаа билээ. Одоо 40 настай Криштиано Роналдо Саудын Арабын “Аль Наср” клубын төлөө энэ улиралд 39 тоглолтод гарахдаа 33 гоол оруулаад байгаа.
Тэрбээр нэг удаагийн ярилцлагадаа “Хүү минь надад “Аав аа, та намайг жаахан хүлээчих. Тэгээд хоёулаа хамтдаа тоглоё” гэж хэлдэг юм” хэмээн ярьсан байдаг.
Жижиг Криштиано ирэх сард 15 нас хүрнэ. Харин Роналдо замналаа өндөрлүүлэх тухай бус 2026 оны ДАШТ-д оролцох итгэл дүүрэн байгаа учир аав хүү хоёрын нэг багт тоглох хүсэл нь мөрөөдөл төдий бус бодит явдал болох магадлалтай юм. Гэхдээ жижиг Криштиано илүү хурдан сайжирч, насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн ая даахтай болох хэрэгтэй нь ойлгомжтой. Криштиано Роналдо 18 настайдаа Португалын нэгдүгээр шигшээд анх удаагаа тоглож байсан билээ.
Өчигдрийн жижиг Криштианогийн тоглолтыг эмээ Мариа Долорес нь Хорватад очиж үзсэн байна. Тоглолтын дараагаар ач хүүгээ тэврэн баяр хүргэжээ. Одоо Португалын 15 хүртэлх насны шигшээ баг Грек болон Английн шигшээтэй тоглох хуваарьтай байна.
