Улс төр
Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын тавдугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг хүснэгтээр танилцуулав.
Эмнэлгийн чөлөөтэй байсан ганц гишүүн нь хуралдаанд суудаггүйгээрээ тэргүүлээд буй Х.Баттулга гишүүн.
Тэрбээр “Намайг хуралдаа суусангүй гэж ээж загнасан” хэмээж байсан билээ. Гэвч түүнийг “Хуралдаа суу” гэж ээж нь зэмлээд ч дээрдсэнгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чөлөөтэй” гэсэн хүснэгтэд бүртгүүлжээ.
Гишүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гадаад, дотоод томилолтын тоо ч олширчээ. Нийт 26 гишүүн буюу бүхэл бүтэн нэг байнгын хорооны бүрэлдэхүүний дайтай гишүүд гадаадад томилолттой хэмээн бүртгүүлсэн байна.
Тухайлбал, Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Ч.Анар, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, П.Батчимэг, Д.Пүрэвдаваа, Д.Бум-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Б.Уянга, С.Цэнгүүн, С.Замира, С.Эрдэнэбат нарын 26 гишүүн гадаад томилолтоор явжээ. Харин Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Б.Тулга, Р.Сэддорж, Ж.Баясгалан нарын есөн гишүүн “Дотоод томилолттой” гэжээ.
Тэд голдуу Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон гишүүд харагдана. Өвчтэй нэг, чөлөөтэй нэг, гадаадад 26, дотоодод ес гээд үзвэл нийт 37 гишүүн, хуучнаараа 76 гишүүнтэй байсан бол чуулган хуралдаж чадахгүйд хүрэх байж дээ.
Д.Оюун
