Энтертайнмент
О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

“Opozit” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан Төв цэнгэлдэх хүрээлэнд “Болор цом” нэртэй тоглолтоо энэ сарын 7-нд хийх гэж байна. Энэ талаар МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, зохиолч, сэтгүүлч О.Энхжавхлангаас тодрууллаа.
-“Opozit” хамтлаг тоглолтоо “Болор цом” гэж нэрлэжээ. МЗЭ-тэй хамтарч байгаа юм уу. Яагаад энэ хамтлаг ийм нэртэй тоглолт хийх болсон юм бол?
-“Opozit” хамтлагийн энэ тоглолтын тухай бид мэдсэн. Гишүүд маань ч өөрсдөө бидэнд хандсан. “Болор цом” нэртэй тоглолт хийх нь, МЗЭ-ээс албан ёсны зөвшөөрөл авсан юм уу гээд. Тэр дагуу бид тус тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалантай холбогдсон. Түүнтэй холбогдоод юу гэж тохиросн бэ гэхээр “Болор цом” гэдэг соёл, урлагийн арга хэмжээг явуулах албан ёсны барааны тэмдэгтэй эрх нь МЗЭ-д байдаг. Тиймээс та бүхэн ямар учраас энэ тоглолтоо “Болор цом” гэж нэрлэсэн бэ гэдгийг асуусан. Ж.Энхжаргалан хариулахдаа нэгдүгээрт, манай “Opozit” хамтлагийнхан залуусын дунд нэртэй, хэрэв гудамжны “Болор цом” гэж байдаг бол бараг тэрийг хүртэхээр гэсэн яриа залуусын дунд байдаг. Тэр ярианаас үүдээд тоглолтоо тэгж нэрлэсэн. Хоёрдугаарт, бид энэ тоглолтоороо дамжуулаад болор ертөнцөд байгаагаар зохиомжилж, тоглолтын тайз карзаз, сурталчилгаа зэрэг бүх юмаа хийж байгаа. Тиймээс тоглолтоо ингэж нэрлэсэн юм шүү гэсэн.
-МЗЭ үүнийг нь зөвшөөрч байгаа юм уу?
-МЗЭ хоёр зүйл дээр тохирсон. “Адилхан уран бүтээл хийдэг хүмүүсийн хувьд та бүхнийг дэмжиж байна. Тэр тусмаа тоглолтынхоо тасалбарыг борлуулаад нэлээн удчихсан. Тасалбарын борлуулалт нь нэлээн өндөр дүнтэй явж байгаа ийм үед адилхан уран бүтээлч хүмүүсийн хувьд МЗЭ-ийн зүгээс заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэж та бүхний ажилд саад болохгүй. Гагцхүү дараах хоёр зүйл дээр тохиръё. Нэгдүгээрт, энэхүү тоглолт дээр МЗЭ болоод МЗЭ-аас зохион байгуулдаг “Болор цом” наадамтай холбоотой, зохиолч, яруу найрагчид руу хандсан, доромжилсон, дайрсан ямар нэгэн үг, яриа, уриалга гаргахгүй гэдэгт итгэж байна гэдгээ тэдэнд хэлсэн. Яагаад гэвэл, “Болор цом” бол МҮОНРТ-тэй хамтран хийдэг тэр л “Болор цом”-оор хүмүүсийн оюун санаанд бууж байгаа. Тиймээс зөвшөөрөл авалгүй тоглолтоо ингэж нэрлээд явж байгаа тохиолдолд манай байгууллага руу өдөөн хатгасан, мэргэжлийн зохиолчид, тэр тусмаа “Болор цом” наадмыг гутаан доромжилсон үг яриа гаргавал бид гомдол гаргана шүү гэдгийг хэлсэн. Хоёдугаарт, тохирсон зүйл бол энэ жил МЗЭ-ээс эрлэн гаргадаг “Утга зохиол,урлаг” сонины 70 жил, “Цог” сэтгүүлийн 81 жилийн ой тохиож байгаа. Иймд “Утга зохиол,урлаг” сонины 70 жил, “Цог” сэтгүүлийн 81 жилийн ойг тэмдэглэх захиалга, сурталчилгаан дээр та бүхнийг дайчилна шүү, тусламж үзүүлээрэй гэж хэлсэн. Үүнд маань ерөнхий продюсер Ж.Энхжаргалан “болно” гэсэн хариулт өгсөн. Ингэж тохирсон учраас бид энэ тоглолтыг “Болор цом” гэж нэрлэхэд саад болохгүй гэсэн байр суурьтай байна.
-Цаашид яах ёстой вэ. Өөр хэн нэгэн “Болор цом” нэрээр юм хийгээд байж болохгүй байх?
-Ер нь бол Оюуны өмчийн эрхийн үүднээс, хуулийн дагуу “Болор цом” гэдэг нэрийн барааны албан ёсны тэмдэгт, гэрчилгээг МЗЭ эзэмшдэг учир ижил төстэй тоглолт хийсэн тохиолдолд бидэндтэй заавал лицензийн гэрээ байгуулах ёстой юм байна лээ. Тэр гэрээндээ тодорхой нөхцлүүдийг зааж өгөх ёстой. Тэгэхээр бид “Opozit” хамтлагийг адилхан уран бүтээлчийн хувьд дэмжиж байна гэдгээ хэлээд ямар нэгэн арилжааны зүйл хүсээгүй. Харин хоёр зүйл дээр тохирсон. Тэгэхээр “Opozit” хамтлагийнхан хэлсэндээ хүрээд, манай олон жилийн түүхтэй “Утга зохиол,урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг залуу хойч үеийнхэнд танилцуулахад үүргээ гүйцэтгэнэ, амласандаа хүрнэ гэж итгэж байна.
