Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч болон айлчлалын багийнхнаас шинжилгээ авахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020.02.27-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзсан. Улмаар тус улсын ард түмэнд 30000 хонь бэлэглэхээ мэдэгдсэн нь олон мянган хүнээс сайшаал хүртээд буй.
Тэрбээр айлчлал хийсэн өдрийнхөө орой буцаж эх орондоо ирсэн. Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.
Тэднийг ирсэн даруйд Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Д.Бадрал нарыг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан бол бусад дагалдан явсан албаныхныг Жаргалантын аманд тусгаарлаад буй. Тэднийг 14 хоног тусгаарлах юм.
Өнөөдөр тэд тавдахь хоногтоо тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн албаны эх сурвалжаас Ерөнхийлөгч болон айлчлалын багийнхаас шинжилгээ авсан эсэхийг тодруулахад “шинжилгээ аваагүй” гэлээ. Учир нь эмнэлзүйн ямар нэг шинж тэмдэггүй тусгаарлагдаж буй хүмүүсээс шинжилгээ авахгүй байгаа аж.
Харин эмнэлзүйн ямар нэг шинж тэмдэг, тодруулбал халуурах, ханиалгах, гүйлгэх, үе мөч өвдөх зэрэг коронавирусын шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдолд л коронавирусын шинжилгээ хийж, оношлуур тавьж байгааг хэлсэн юм. Айлчлалын багийнхны хувьд 14 хоног тусгаарлагдах хугацаандаа ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь шинжилгээнд хамруулах юм байна.