Нийгэм
Батсүмбэрийн ахмадууд тэтгэврээсээ 5.2 сая төгрөг хандивлав
Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинд дэгдээд буй шинэ коронавирус covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.
Хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилсан, сэргийлэх гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмж, бусад зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэж буй энэ цаг үед Батсүмбэр дахь Ахмад настны үндэсний төвийн асруулагч 170 ахмад тэтгэврээсээ нийт 5,2 сая төгрөг цуглуулснаа өнөөдөр Улсын онцгой комисст гардууллаа.
Ахмадуудын чин сэтгэлийн хандивыг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү,ахмад настан Н.Гомбо,Д.Оргодол,Ц.Солонго нар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулж, тус төвийн асруулагчид аюулт вирусээс хамгаалах зөвлөмж зөвлөгөөг сайтар биелүүлж буйг дуулган ард олныхоо эрүүл аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэж буй бүх хүнд амжилт хүссэнийг дамжуулсан юм.
Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төв 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж, 2013 оныг хүртэл Улсын асрамжийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний 55 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа Ахмад настны үндэсний төв болон өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайдын 2016 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу таван алба, нийт 92 ажилтантай төрөлжсөн асрамж болон амралт, нөхөн сэргээх сувилал гэсэн бүтэцтэй ажиллаж байна.