Covid-19
Сөүл хотын дуудлагын төвд дэгдсэн коронавирусийн тархалтаас 90 хүн халдвар авжээ
Сөүл хотын баруун өмнөд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дуудлагын төв (call center) Covid-19 вирусийн тархалтын шинэ голомт болоод байгаа билээ.
Тус төвийн ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн нийт 90 хүн коронавирусийн халдвар авсныг өнөөдөр өглөө Сөүл хотын захирагч Пак Вон Сүүн мэдээлжээ.
Одоогийн байдлаар дуудлагын төвийн 550 ажилтныг шинжилгээнд хамруулаад байгаа гэнэ.
Хэрвээ дуудлагын төвөөс гаралтай халдвар цааш өргөжвөл Сөүл хотын 10 сая орчим оршин суугч, ойр орчмын дагуул хот, дүүргүүдийг нь оролцуулбал нийт 25 сая хүний эрүүл мэндэд аюул учруулж байна.
Сөүл хотын захирагчийн өгсөн мэдээллээр дуудлагын төвийн ажилтнуудын хоёр нь Шинчёнжи сүмийн гишүүд болохыг олж тогтоожээ. Тус сүмийн дагагчид Өмнөд Солонгост илэрсэн коронавирусийн нийт халдвар тээгчдийн 60 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Гэхдээ сүмийн гишүүн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсныг Пак Вон Сүүн мэдээлжээ.
Дуудлагын төвд илэрсэн тохиолдлуудын улмаас Сөүл хотод бүртгэгдсэн халдварын тоо өчигдөр 52-оор нэмэгдэж 193 болсон байна. Энэ нь тус хотын хувьд нэг өдөрт хамгийн олноор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Yonhap News