Улаанбаатар
Өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал хийж эхэлнэ
Энэ долоо хоногт цаг агаар нэмэх хэмтэй байх төлөвтэй учир нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр болжээ.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд энэ долоо хоногийн
- Мягмар, Лхагва гарагт хотын төв гудамж талбайд,
- Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Нийт 180.8 километр урт хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй 38 компани:
- 164 ариутгагч,
- 27 моторт төхөөрөмж,
- 33 мананцар үүсгэгч,
- 176 автомакс,
- Халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин,
- Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник,
- Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н нэг мананцар үүгэгч машин,
- Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус шүршигчтэй машинаар тус тус гүйцэтгэх аж.
Мөн цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм байна.