Улс төр
МАН-ын 30 гишүүн шоронд орох эсэхийг сонгууль шийднэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Төр засгийн зүгээс хүн амын эрүүл мэндэд анхаарч, коронавирусийг тархаахгүй байхын эсрэг хязгаарлал, хорио тогтоож байгаа нь сайшаалтай ч эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, ААН, иргэдэд чиглэсэн эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлэхгүй байна гэж зарим эдийн засагч хэлж буй. Таны байр суурь ямар байна вэ?
-Нэгдүгээр сарын 31-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр коронавирусээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссон. Тухайн үед би эдийн засгийн нөхцөл байдал ирэх дөрөв, тавдугаар сард илүү хүндрэх нь байна шүү гэж хэлж байсан. Дараа нь буюу хоёрдугаар сард Монголын банкны холбоо, Монголбанк, Сангийн яам, ҮАБЗ-д тус тус санал хүргүүлсэн. Саналд тусгасан гол асуудал бол коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаах талаар хүссэн.
Тухайн үед коронавирусийн халдварын тархалтыг пандемик буюу цар тахал гэж зарлаагүй байсан. Өнөөдөр тархалт улам нэмэгдэж цар тахалд хүрлээ. Коронавирус эдийн засгийн ноцтой хямрал болж байгаа учраас дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх бодлогыг барьж байна. Эдийн засгаа хөгжүүлэх тухай асуудал хоёр дахь концепц болж хувирсан. Монгол Улсын эдийн засаг 80-90 хувь нь гадаадаас хамааралтай, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа манай улсын эдийн засагт савлагаа үүсэх хандлагатай байна. Тиймээс эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар ойрын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яаралтай хуралдах ёстой. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарсан.
-Тухайлбал ямар хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Уг хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдийн нэг эсвэл хоёр улирлын татварыг тэглэх. Үүнд бүх ААН хамрагдахгүй, ресторан, үсчин зэрэг аж ахуй эрхэлдэг хүмүүсийн 3-6 сарын татварыг тэглэхэд хамгийн багадаа 23 хувь, цаашлаад НӨАТ-тай нийлээд 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө.
Мөн иргэдэд цахилгаан, дулааны төлбөрт нь хөнгөлөлт үзүүлмээр байна. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийн түрээсийн зардал болоод банкны зээлийг чөлөөлөх хэрэгтэй. Би эдийн засгийн мэргэжилтэн биш ч гэлээ уншиж мэдэж судалж байсан хүний хувьд хэлэхэд, хамтарсан эдийн засгийн бодлого гаргахгүй бол бид оройтлоо.
-Нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилбэл ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ. Хэрвээ ажилгүйдэл ихэсвэл хэрэглээний зээлийн төлөлтөө төлж чадахгүйд хүрэхийг үгүйсгэхгүй. Банкны зээлийн төлөлтийг царцаах тухай таны саналд ямар хариу өгсөн бэ?
-ҮАБЗ хоёр хоногийн өмнө хуралдсан сураг байна. Надад хариу өгөх гэхээсээ илүүтэй зөв шийдлийг гаргах нь чухал. Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан. Одоо бол алдагдал улам нэмэгдэх хандлагатай байна. Үндсэндээ банктай холбоотой хоёр ч шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Мөнгөний бодлогын хүү 11 хувь байсныг нэг функтээр буулгаж, 10 хувь болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр функтээр буулгасан.
Бодлогын хүү буурснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн үг. Мөн банкуудын нөөцийг буулгаснаар иргэдийн зээл төлөлтийг хойшлуулж болно. Гуравдугаарт, банкууд жилд олдог ашгаас энэ жилдээ адилхан авах гээд байх хэрэггүй шүү дээ. Орон сууцны найман хувийн зээлийг хойшлуулах мөн боломжтой. Энэ ажил гурван талын хэлэлцээрээр буюу МИК, Монгол банк, арилжааны банкууд хамтраад шийдвэр гаргах асуудал. Гэтэл энэ бүхнийг хийхгүй байгаад гайхаж байна. Зээл төлөлтийг царцаах асуудал нь нийтдээ 3 сая иргэний 1.2 сая зээлтэй хүнд хамаарагдана.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газраас хэд хэдэн тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ зарлан хуралдуулах бол?
-Өнөөдөр МАН-ынханд сонгуульд дахин ялах нь чухал болохоос биш эдийн засгийн хямрал чухал биш байна. Хэрэв чухал байсан бол ээлжит бус чуулганыг шуурхай зарлах байсан. Ээлжит бус чуулганыг зарлахгүй байгаагийн цаад шалтгаан нь нөхдүүд сонгуульдаа бэлтгээд завгүй явна. Эрдэнэтэд гэхэд хэд хэдээрээ амьдарч айлын хаалга тогшоод л явж байна шүү дээ.
“ШОРОНД ОРОХ УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ БОЛНО”
-Сонгуулийн тухай хуульд “Онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалттай. Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол аль улс төрийн хүчинд ашигтай байх вэ?
-МАН-ынхан сонгуулийг хойшлуулахгүй. Хойшлогдвол Ерөнхий сайд У.Хүрэлсүх баларна шүү дээ. Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулчихсан хүн. Одоо дахин УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулна гэж юу байх вэ дээ.
Нэг ёсны сонгуулийг хойшлуулах нь МАН-ынхад өөрсдөд нь аймшигтай. “Хойшиллоо” гэдэг үг ч тэдэнд таалагдахгүй.
Хоёрдугаарт, ирэх тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүнээ өөрөө томилно. Нэг ёсны Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй болох учраас жижигхэн ч гэсэн алдаа гаргаж болохгүйг тэд сайн мэдэж байгаа.
Гуравдугаарт, 2020 оны УИХ-ын сонгууль бол аль нам нь ялах вэ гэдэг сонгууль биш. Шулуухан хэлэхэд, шоронд орох уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль болно. Өөрөөр хэлбэл, цус асгаруулсан буюу ялагдвал үхнэ гэдэг сонгууль болчихоод байна.
МАН-ын 63 гишүүнээс хамгийн багадаа 30 нь шоронд ороход бэлэн болсон. АТГ-т тэдний бүх хавтаст хэрэг нь боогдсон. ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүн авсан нь асуудлын гол нь биш. Харин тус сангийн мөнгийг авлигал авах замаар, мөнгө угаах замаар эсвэл хуурамч бичиг баримт үйлдэх замаар авсан нь хүндрүүлэх асуудал мөн. Жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 30 хувийн хүүтэй зээл олгож болохгүй биз дээ. Найман УИХ-ын гишүүн байгаа. АТГ тэдний нэрийг нь хэлэхгүй байгаад миний дургүй хүрч байна. Ерөнхийлөгч мөн нэрсийг нь зарлахгүй байгаад уур хүрч байна.
–Та энэ тухай яриад багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэв үнэн бол тэдний нэрсийг нь зарлахгүй юм уу?
-Хуульч хүн нотолгоо, баримтгүй зүйл ярьдаггүй юм. Хуулийн байгууллага нь зарлахгүй байхад би хувь хүний тухай ярихгүй. Сонгуулийн тухай хуульд Бусдын нэр төрийг гутаасан, доромжилсон эсвэл гүтгэсэн тохиолдолд сонгуульд оролцуулахгүй гэсэн хуультай. Хэрэв би нэрсийг нь зарлачихвал шүүхийн шийдвэр нь гараагүй байхад олон нийтэд зарлалаа гээд намайг сонгуульд оруулахгүй байх магадлалтай.
-Та ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвших үү?
-Уг нь МАХН-аас нэр дэвшмээр байна. Харамсалтай нь, МАХН-ыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр хувьчлаад авчихсан. Би болон МАХН-ын гишүүд нь ялагдчихаад байна. Монголд өнөөдөр ардчилал алга. Одоо надад нэг сонголт бий.
-Ямар?
-МАХН даргагүй нам. Учир нь, Улсын дээд шүүхээс МАХН-ыг даргагүй гэдгийг тогтоочихсон. Тийм болохоор гишүүд маань санал тавибал би намын Их хурлаа хийж маргаанаа Дээд шүүхээр шийдүүлэх хооронд УИХ-ын сонгуульд МАХН орохгүй байх магадлалтай. Би нэр дэвшихгүй байх нь асуудлын гол биш. Гэхдээ МАХН-ын асуудлыг мэддэг эсвэл мэддэггүй хүмүүс гэж бий. Мэддэггүй хүмүүсийн зүгээс МАХН-аас нэр дэвшчих юмсан гэсэн намын эгэл жирийн гишүүдэд ганц гэмт хэрэгтнээс болж би саад хийж болохгүй. Хоёрдугаарт, намайг намаасаа 11 удаа хөөсөн хүмүүс нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой.
-Тэгвэл та бие дааж нэр дэвших үү?
-Нөхцөл байдлыг харж л байя. Ухамсарлаад намын гишүүнээ гэж ухаарч ойлгоод “Намайг нэр дэвш” гэвэл би МАХН-аас нэр дэвшинэ. Хэрэв үгүй гэвэл надад санал тавьсан намаас сонгуульд оролцоно.
-Одоогоор улс төрийн намуудаас танд санал ирж байна уу?
-Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам санал тавьсан. Би “Үгүй” гэдэг хариултаа ихэнхэд нь хэлчихсэн. Яагаад гэвэл сонгуульд оролцох нь багийн ажил. Би үндсэндээ найман жил бие даагч гишүүн байлаа. Миний яриад байгаа бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, цаашлаад эрх баригч нам болчих боломжтой намтай би хамтарна.
-Магадгүй АН-д уу?
-Би 1994-2011 он хүртэл АН-ын гишүүн байсан. МАН 100 жилийн ойгоосоо өмнө хоёр хуваагдсан. Эв нэгдлээ бодоод 100 жилийн ойн дээрээ нэгдэхийг үгүйсгэхгүй. АН-ын хувьд 2020 оны сонгуульд нэр дэвшигчээс 100 сая төгрөг авах юм билээ. Би 100 сая төгрөггүй хүн.
Хэрэв АН намайг 100 сая төгрөгөө төлж сонгуульд оролцуулна гэвэл би төлж чадахгүй. 100 сая төгрөггүй хүн үнэнээ л хэлсэн дээр байх. Би хулгайч хүн биш, бусдаас хандив авлаа ч гэсэн хуульд заасан хэмжээгээр нь авах ёстой.
-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улстөрч ярих болсон. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би 2015 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа 2.3 сая иргэнд 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн. Хоёрдугаарт, тухайн үед “Энержи Ресурс” компани “Эрдэнэс Тавантолгой”-г авна гэдэг асуудал яригдаж байхад миний хэлж байсан байр суурь бол 10 хувиа асуугаагүй байж 90 хувийг нь шийдэж болохгүй УИХ-аар оруулах ёстой гэж хэлж байсан. Мөн М.Энхболд, Л.Цог дарга нар эсэргүүцэж, Байнгын хорооноос УИХ-аар оруулахгүйгээр Тавантолгойн асуудлыг шийдэж болохгүй гэж үзсэн. Өнөөдрийн тухайд “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргана гэж ярьж байгаа. Одоо бол цаг нь биш. Өвчин зовлонд баригдсан хүн эд зүйлсээ цаашлаад орон гэрээ зардаг. Гэтэл бидэнд тэвдэх хугацаа алга. Эхлээд эдийн засаг сэргэж, коронавирусийн халдвар намжиж, улс орон тайван амгалан болог, хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өсөг. Тэр үед IPO гаргах тухай яръя.
Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой”-д IPO гаргах талаар УИХ-д оруулж ирэх үед эдийн засаг сайн байсан. 5.5 тэрбум ам.долларыг хөрөнгийн биржээс босгох нь зөв гэж үзээд УИХ дээр дэмжсэн. Гэтэл одоо коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нөлөөлж хөрөнгийн зах зээл уначихлаа. Ийм үед зарах юм бол 1 тэрбум доллар ч хүрэхгүй. Хэн авах уу гэхээр сул мөнгөтэй хүмүүс буюу манай оффшорчид худалдаж авна гэсэн үг.
Энэ утгаараа З.Энхболдын эсэргүүцлийг 100 хувь би дэмжинэ. Эдийн засаг муудаж, хөрөнгийн зах зээл унаж, юм үнэгүйдсэн цагт орон гэрээ зарж байгаа мэт нүүрсний ганц хөрөнгөө зарж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Эх сурвалж: news.mn