Дэлхий
Германд хоёроос дээш хүн цуглахыг хоригложээ
Герман улс коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээгээ чангатгаж, ажлын байр болон орон гэрээс бусад газар хоёроос дээш тооны хүн цуглахыг хориглосон байна.
Түүнээс гадна кафе, зоогийн газрууд болон үсчин, массажны газрууд, шивээсний салонуудыг хааж, хоолоо зөвхөн хүргэлтээр захиалж идэх боломжтой болжээ.
Германы канцлер Ангела Меркель гэртээ тусгаарлагдлаа.
Германы канцлер Ангела Меркельд тариа хийсэн эмчээс коронавирус илэрсэн тул канцлерийг гэрт нь тусгаарласан байна.
Дэлхий даяар 300 гаруй мянган хүн халдвар авсан нь тогтоогдож, 13 мянган хүн нас барсан бол 92 мянга нь эдгэжээ.
MCDONALD’S ХААХААСАА ӨМНӨ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД БУРГЕРЭЭ ҮНЭГҮЙ ТАРААНА
Их Британи болон Ирландад коронавирусийн улмаас McDonald’s 1350 салбараа хаахаар болсон байна. Хаахаас өмнө тус түргэн хоолны сүлжээ ресторан эмнэлгийн ажилтнууд болон аврагчдад хачиртай талхаа үнэгүй тараахаар болжээ.
Тус улсад вирус хурдацтай тархаж буйг эрх баригчид сануулсаар байна. Нийт 5000 гаруй хүн халдвар авснаас 250 хүн нас баржээ. Нийслэл Лондон хотноо 88 хүн хорвоог орхисон талаар захирагч Садик Хан мэдэгдэв.
Тэрбээр эмч, гал сөнөөгчид болон бусад нийтийн үйлчилгээний ажилтнуудаа ажилдаа явах боломжоор хангахын тулд метроны шугамуудыг нээлттэй үлдээх хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Австралид паб, шөнийн цэнгээний газрууд, кинотеатрууд, казино, сүмүүд үүдээ барив. Кафе болон зоогийн газрууд сууж хооллох бус хоолоо авч явах горимоор ажиллаж байна.
Одоогоор тус улсад сургуулиудаа хаах тухай шийдвэр гараагүй ч зарим мужууд орон нутгийн түвшинд хаах шийдвэр гаргах боломжтой гэжээ. Австралид халдвар авсан хүний тоо хэдхэн хоногийн дотор 1315-д хүрсэн байна.
3000 гаруй хүнээ алдсан Италийн Ломбарди мужид гудамжинд ганцаараа гүйх ч хориотой болов. Тус улсад хоногт 800 гаруй хүн хорвоог орхиж байна.
Өмнөд Солонгост олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, ням гарагийн сүмийн цуглааныг зохион байгуулахгүй байхыг Засгийн газраас хүссэн.
Индонези 2008 оны Азийн наадамд зориулан байгуулсан тамирчдын тосгоныг 4000 гаруй ортой түр эмнэлэг болгон ашиглахаар тоноглож байна. Тус улс нь дэлхийд хүн амын тоогоороо дөрөвдүгээрт ордог бөгөөд одоогоор Covid-19 халдварын 500 гаруй тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн ч эрүүл мэндийн байгууллагын ажилчид бодит байдалд үүнээс ч их байгаа гэжээ.
Эх сурвалж: ВВС