Улс төр
Санал асуулгад оролцогчдын 82 хувь нь сонгууль хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжжээ
“УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжих үү?” гэсэн ганц асуулт бүхий санал асуулгыг вэб сайт болон фэйсбүүк дэх пэйж хуудсаараа дамжуулан явуулж, олон нийтийн уур амьсгалыг тандаж үзлээ. Вэб сайт дахь асуулгад 8081 иргэн саналаа өгснөөс 5878 нь “Сонгууль хойшлуулахыг дэмжинэ” гэж хариулжээ. Харин фэйсбүүк дэх пэйж хуудсаараа дамжуулан гурван өдөр явуулсан асуулгад 10500 иргэн саналаа өгснөөс 82 хувь нь “Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна” гэжээ. Үүний эсрэг хариулт л дийлэх болов уу гэтэл үр дүн эсрэгээр эргэв.
Олон түмэн сонгуулийг хойшлуулъя гээд байгаагийн цаад санаа нь коронавирусийн цар тахлын гамшгийн үед сонгуульд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг илүү бодитой ажилд зориулъя гэсэн санаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Үүн дээр Токиогийн олимп нэг жилээр хойшлогдож, олимпод зориулахаар зэхсэн 20 тэрбум төгрөгийн төсөв ч хэмнэгдэх бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт /2020.03.23/ дэлхий даяар нүүрлэсэн коронавирусийн цар тахлын хүнд үеийг улсаараа эдийн засгийн хохирол багатай давах тухай зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулж, сонгуульд төсөвлөсөн болон тэвчиж болох бүх зардлыг хямралын эсрэг улсаа аврах арга хэмжээнд зарцуулахыг санал болгосон нь Төрийн тэргүүний уриалгаас “өлгөж авах” хамгийн халуун сэдэв байв. Үүний учир GoGo.mn сайт дээрх санал асуулгыг уншигчдынхаа дунд явуулсан хэрэг.
Ерөнхийлөгч энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлбэл сонгуулийг хойшлуулах эсэх эцсийн шийдвэрийг хууль ёсныхоо дагуу Засгийн газар биш, УИХ гаргаж таарна.
Сонгууль хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалга “зөв, буруу” гэх мэтээр улстөрчид байр сууриа илэрхийлж эхэлжээ. Хэн ямар санаа бодолтой буйг мэргэн уншигчид хэдийнэ мэдсэн тул энд давтах нь илүүц биз ээ. Харин эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай давах талаар Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлч асуусан учир энэ талаар хариулт өгнө лээ.
Ерөнхий сайд “УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал бидний тооцоолсноос хүндэрвэл энэ асуудлыг ярина. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа” гэсэн нь талцал үүсгээд байсан уг асуудлыг нэг тийш нь шийдэх шиг болов. Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ шийдмэг хариулт түүнийг Ерөнхийлөгчтэй таарамжгүй буй мэт ойлголт өгч мэдэхээр байсан ч дараагийн нэмэлт тайлбарууд асуудлыг тодорхой болголоо.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга дарга, Ерөнхий сайд гурав Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашгийн үүднээс хуралдаж, нэгдмэл зөвлөмж гаргадаг баг.
Ерөнхий сайдын үгийг үргэлжлүүлэн сонсвол “ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа. Бидний хооронд саналын зөрүү байхгүй. Нэг зүйл дээр бид гурав нэгдэж ажиллаж байгаа. Энэ бол улс орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал. Улс орны язгуур эрх ашигтай холбоотой зөвлөмж гаргадаг. Энэ зөвлөмжийг бусад байгууллага хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой” хэмээв. Үүгээрээ Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн уриалгад улс төрийн соёлтой, хүндэтгэлтэй хандаж буйгаа тодорхой илэрхийллээ.
Үүний дээр хямралыг давах Засгийн газрын төлөвлөгөөнд Ерөнхийлөгчийн уриалгад тусгасан заалтуудаас 3-4 нв биеллээ олсон харагдана. Тухайлбал,
Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих тухай гурав дахь уриалга нь Засгийн газраас гаргасан “ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөх. Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас зургаан сарын хугацаанд орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөх.
Уриалгын дөрөвдүгээрт, Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг уриалсан нь Засгийн газрын “Иргэдийн цалин хөлснөөс зургаан сарын хугацаанд орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөлөх, Хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаатай олгох” зэрэг шийдвэрээр илэрхийлэгдэж байна.
Коронавирусийн халдварын гамшиг дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, 2020 онд дэлхийн эдийн засаг тэг зогсолт хийж, зөвхөн БНХАУ-ын эдийн засаг 2 хувиар өснө гэсэн тооцооллыг ОУВС-гаас хийсэн энэ үед Төр, Засгийн тэргүүнээс эхлээд нэгдмэл санаа зорилготой буйг өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлууд харуулав. Ерөнхийлөгч энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлбэл сонгуулийг хойшлуулах эсэх эцсийн шийдвэрийг хууль ёсныхоо дагуу Засгийн газар биш, УИХ гаргаж таарна. Засаглалын хуваарилалт талаас нь харвал Ерөнхий сайдын дээрх үг шийдвэр биш, байр суурь төдий билээ…