Covid-19
Дэлхий коронавирустэй тэмцэж байх хооронд Умард Солонгос ес дэх пуужингээ харвалаа
Дэлхий нийтээр коронавирусийн тахалтай тэмцэж байгаа энэ цаг үеийг ашиглан Умард Солонгос нэг сарын дотор нийт дөрвөн удаагийн туршилтаар есөн пуужин харваад байна.
Хамгийн сүүлд өчигдөр тус улсын зүүн эргээс Японы арлуудыг чиглүүлэн хоёр пуужин харвасан нь 30 км өндөрт хүрсний дараа 230 км зайтай тэнгисийн усанд тусжээ.
“Дэлхий даяар Covid-19 өвчинтэй тэмцэж байх хүнд цаг үед Умард Солонгосын зүгээс ийм зэвсгийн туршилт зохион байгуулсан нь зохисгүй хэрэг бөгөөд энэ үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний командлал мэдэгджээ.
Японы батлан хамгаалах яам пуужингуудыг баллистик төрлийнх байж болзошгүй гэж мэдэгдээд тус улсын усан хилд нэвтрээгүйг баталсан байна.
Энэ сар гарснаас хойш Умард Солонгосын дэглэм нийт дөрвөн удаагийн туршилтаар есөн пуужин харваад байна. Нөхцөл байдал хурцадмал байсан 2016, 2017 онуудад л туршилт ийм өндөр давтамжтай явагдаж байсныг мэргэжилтнүүд баталж байгаа юм.
Тиймээс дэлхийн улс орнууд коронавирусийн тахалтай тэмцэж байгаа цаг үеийг ашиглан Пёньяны дэглэм зэвсгийн туршилтаа эрчимжүүлж байна гэж тэд үзэж байна.
Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчин коронавирусийн тахлын улмаас зарим хамтарсан цэргийн сургуулилалтуудаа хойшлуулаад байгаа.
Умард Солонгосын эрх баригчид улс оронд нь коронавирусийн халдвар илэрсэн талаар ямар ч мэдээлэл гадаад ертөнцөд өгөхгүй байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News, Reuters