Дэлхий
Коронавирусийн халдвартай Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр буюу ням гарагийн орой эмнэлэгт хүргэгдсэн гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тэрбээр 10 хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд гуравдугаар сарын 27-ноос гэрээсээ ажиллаж байсан юм.
Гэхдээ түүнд халдварын шинж тэмдэг тогтмол илэрч халуурсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг ээлжит Covid-19-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Тодруулбал цээжний зураг авч уушгины үйл ажиллагааг хянахаас гадна цагаан эсийн хэмжээ, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ, элэг, бөөрний ажиллагааг хянах юм байна.
Борис Жонсон засгийн газрын үйл ажиллагааг хариуцаж байгаа хэвээр. Харин өнөөдрийн коронавирусийн тухай хуралдааныг гадаад хэргийн нарийн бичгийн дарга хариуцаж явуулахаар болжээ.
Түүнчлэн түүний жирэмсэн сүйт бүсгүй Керри Саймондс өөрт нь шинж тэмдэг илэрч долоо хоног орондоо хэвтсэн тухай твиттер хуудсандаа бямба гарагт бичсэн байна. Гэхдээ Керригийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан билээ.
Эх сурвалж: BBC