Covid-19
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжжээ
Шинэ коронавирусийн халдвар аваад арав гаруй хонож байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны биеийн халуун буурахгүй байгаа тул Ням гарагт эмнэлэгт хэвтсэн билээ.
Тэгвэл эмнэлэгт хэвтсэний дараа ерөнхий сайдын бие улам муудсан тул эрчимт эмчилгээний тасагт шилжүүлснийг Даваа гарагт Британийн засгийн газар мэдээлжээ.
Борис Жонсон гадаад хэргийн сайд Доминик Раабыг шаардлагатай үед ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон байна.
Анх халдвар авсан нь батлагдсаны дараа Жонсон гэртээ тусгаарлагдаж, 10 хоног болсон ч бие нь дээрдээгүй тул эмнэлэгт хэвтсэн юм.
Британийн хэвлэлүүд ерөнхий сайдад амьсгалын аппарат залгасан тухай мэдээлж байна.
Уиндсорын шилтгээнд суугаа хатан хаан Элизабет ерөнхий сайдын биеийн байдлын талаар байнга мэдээлэл авч байгааг Букингэмийн ордон мэдээлжээ.
Дэлхийн улс орнуудын удирдагчид Борис Жонсоныг түргэн эдгэрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайдын бие муудсан тухай мэдээг цочирдон хүлээж авснаа хэлээд Америкчууд Жонсоны эрүүл мэндийн төлөө залбирч байгааг мэдэгджээ.
Трамп АНУ-ын эм, биотехнологийн компаниудын удирдлагатай утсаар ярьж, Британийн засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Одоо 55 настай Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс бие давхар байгаа бөгөөд ирэх зуны эхээр хүүхдээ төрүүлэх юм