Дэлхий
Ялалтын баярын парадыг хойшлууллаа
Жил бүр тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар Кремлиэс мэдээлжээ. Одоогоор чухам хэдний өдөр хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд зарлана гэж албаны эх сурвалжууд хэлснийг ВВС дамжууллаа.
Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярын өдрийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр буюу 1945 онд Маршал Георгий Жуковоор удирдуулсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж магадгүй гэжээ.
“Арсенал отечества” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Виктор Мураховский “Жагсаалыг зургаадугаар сард зохион байгуулах болов уу. Учир нь цэргийн техник хэрэгсэл, алба хаагчдыг Алабино дахь полигонд түр хугацаагаар байлгаж байна. Эсвэл тэднийг буцаах шаардлага гарах байх” гэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков парадыг хойшлуулах нь тодорхой ч эрт орой хэзээ нэгэн цагт заавал зохион байгуулна гэж мэдэгдэж байв.
ОХУ-д коронавирусийн 24’490 тохиолдол бүртгэгдэж, 1’986 хүн эдгэж, 198 хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС