Эдийн засаг
ДЭМБ-ын тэргүүнийг огцорсон тохиолдолд санхүүжилтээ үргэлжлүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгчид уриалжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хариуцлагагүй ажилласан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагыг шүүмжлээд жил бүр олгодог санхүүжилтээ зогсоох тухай мэдэгдсэн билээ.
Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, олон мянган хүний амийг авахад ДЭМБ-ын алдаатай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаагаа тэр энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Бас Хятадын засгийн газарт зөөлөн хандаж, мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэж тус байгууллагыг буруутгаж байв.
АНУ нь өнгөрсөн онд НҮБ-ын харьяа ДЭМБ-д $450 саяын санхүүжилт хийсэн нь тус байгууллагын жилийн төсвийн 15 орчим хувь болжээ.
Трампын шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын конгресс дах Ардчилсан Намынхан, Герман, Британи, Франц, Хятад зэрэг дэлхийн улс орнуудын эрх баригчид, анагаах ухааны мэргэжилтнүүд цагаа олоогүй алхам гэж шүүмжилж байв.
Тэгвэл өчигдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын 17 гишүүн АНУ-ын ерөнхийлөгчид хандан захидал бичжээ.
Тэд бүгд Дональд Трамптай нэг намын буюу Бүгд Найрамдах намын гишүүд байв. Хууль тогтоогчид захидалдаа ДЭМБ-ын санхүүжилтийг түдгэлзүүлэх Трампын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусыг огцорсон тохиолдолд санхүүжилтээ үргэлжлүүлэхийг уриалжээ.
ДЭМБ-д шинэчлэлт хийх цаг болсныг тэд ойлгож байгаа ч коронавирусийн цар тахлын ид үед санхүүжилтээ зогсоох нь буруу гэж тайлбарласан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 2.1 сая хүн Covid-19 өвчний халдвар авч, 140,000 гаруй хүн нас бараад байна. Үүнээс хамгийн олон нь буюу 640,000 халдварын тохиолдол, 31,000 орчим эндэгдэл нь АНУ-д оногдож байгаа юм.
Эх сурвалж: Reuters