Нийгэм
Б.Эрдэнээ: Коронавирус биш химийн хорт бодисын улмаас бид аюулд орох эрсдэл бий боллоо
Химийн хорт болон аюултай бодис нь гол, нуур, цөөрөм, далайн ус, агаар, хүн амын өргөн хэрэглээ гэх зэрэг бүхий л замаар хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлийг дагуулж байна. Коронавирус биш химийн хорт бодисын улмаас бид аюулд орох эрсдэл бий боллоо хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнээ хэллээ.
Тус зөвлөлөөс химийн хорт бодис хөрсний бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хог хаягдал булшилдаг хоёр газар байдаг аж. Үүний нэг нь Нарангийн энгэр. Нарангийн энгэр 2019 онд нээгдсэн бөгөөд 33 га газар том талбайг эзэлдэг. Жайкагийн санхүүжилтээр баригдсан уг газар хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан хог хаягдлыг булшилдаг гэх тодотголтой. Гэвч өнөөдөр энэ газар технологийн дагуу ашиглагдахгүй байна Хогийг ангилахгүйгээр бүх төрлийн хог хаягдлыг булшилсан хэвээр байна хэмээн тэрбээр хэллээ.
Манай улсад 941 аж ахуйн нэгж байгууллага химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж нийт 2893 нэр төрлийн 67 мянган тонн химийн бодисыг хэрэглэж байгаа талаарх судалгааг энэ жил МХЕГ-аас гаргасан юм.
Мөн 2010-2019 он хүртэлх хугацаанд химийн хорт бодис болон аюулгүй бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах нийт 4058 зөвшөөрөл олгосон аж.
Түүнчлэн зарим үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага лаборатори эрдэм шинжилгээний байгууллагад аюултай бодисын сав баглаа боодол элэгдэж эвдрэн асрагч алдагдах эрсдэлийг бий болгосон. Түүнийг ил задгай зориулалтын бус байранд хадгалж байгаа нийтлэг зөрчил байсаар байгааг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнээ хэллээ.
Иймээс химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Үүний хор уршгаар хүн ам үй олноороо амь насаа алдах аюултай өвчин эмгэг үүсэх тархах удамшил генд нөлөөлөх бодит эрсдэл тулгараад байгааг ярих бус анхааралдаа авч шийдвэрлэх хэрэгтэй гэв.