Эдийн засаг
Цар тахлын дараа дэлхийн бизнесийн ертөнцөд шинэ жишиг тогтохоор байна
Цар тахлын дараа дэлхийн бизнесийн ертөнцөд шинэ жишиг тогтохоор байна. Дэлхийн дийлэнх оронд хямралыг давахын тулд аж ахуйн нэгжүүдэд татвар төлөгчдийн мөнгөөр татаас, дэмжлэг олгох болжээ.
Энэ нь эргээд нийгэмдээ өгөөжтэй бизнес эрхлэх шахалт болж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын 181 тэргүүлэх компанийн Гүйцэтгэх захирал дугуй ширээний уулзалтын дараа “Америк хүн бүрд үйлчилдэг эдийн засгийн төлөө ажиллана” гэх амлалт өгчээ. Энэ маягийн амлалтаа бизнесүүд хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй ч ямар ч байсан нийгмийн хариуцлага илүүтэй шаарддаг ирээдүй хүлээж байна.
Хоёрдугаарт харилцаа илүү алслагдмал болж цахим худалдаа, алсын зайн оношилгоо, автоматжуулалт хурдтай нэвтрэх төлөвтэй байгаа юм. Европт дөрөвдүгээр сард явуулсан судалгаагаар цахим худалдан авалтын 13 хувийг өмнө нь хэзээ ч онлайн захиалга хийж байгаагүй хүмүүс хийжээ. Италид гуравдугаар сард цахим худалдааны дүн 81 хувиар өссөн байна. Эндээс харахад худалдан авалтын шинэ зуршил тогтлоо гэж “Mcckinsey” судалгаандаа дүгнэжээ.
Дэлхийн Эдийн Засгийн Чуулган 2030 он гэхэд 400-800 сая ажлын байранд автоматжуулалтын нөлөө мэдрэгдэнэ гэж тооцоолж байсан юм. Хөл хорионы дүнд энэ тоо улам нэмэгдэх магадлалтай байна.
Үүнээс гадна хөл хорионы үеэр эмнэлэгт очилгүй эмчтэйгээ онлайнаар харилцаж, зөвлөгөө авах хандлага нэмэгдсэн байна. Цар тахал дарагдсаны дараа ч энэ маягаар харилцахыг илүүд үзэх өвчтөн цөөнгүй үлдэх нь дамжиггүй. Мөн компаниуд эрсдэлээ илүү нарийн тооцож, бизнес загвараа шинэчлэх шаардлагатай боллоо. Жишээ нь: агуулахад түүхий эдээ их хэмжээгээр хадгалалгүй байнгын татан авалтаар үйлдвэрлэлээ үргэлжлүүлдэг компаниуд бизнес загвараа өөрчлөх хэрэгтэй болно.
Түүнчлэн ханган нийлүүлэгчдийн төрөлжилтөө олшруулах шаардлагатай боллоо. Энэ нь зарим талаар БНХАУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулж, бусад Азийн оронд шинэ боломж нээхээр байна.
Б.Дашням
Эх сурвалж: Bloombergtv.mn