Улс төр
АН-ын дэнчингийн 100 сая албан бусаар 2 дахин нэмэгдсэн үү
АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших горилогчдыг тойрогтоо хийсэн ажлынх нь тайлангаар дүгнэж тодруулна хэмээн хэлж буй. Гэтэл үүнд нь ҮБХ-ны гишүүд итгэхээ больжээ. Учир нь өчигдөр шөнөжингөө С.Эрдэнийн хийсэн нууц уулзалтуудаар горилогчдын тойргуудад өөрчлөлт их оржээ. Бүтэн хагас жил шахуу тойрогтоо сайн ажилласан хэмээн дүгнэгдэж байсан горилогчдын оронд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ.
Хэвлэлээр гарсан сүүлийн үеийн мэдээллээр Оюутолгойн гэрээг Дубайд өөрсдөө гүйн очиж эх оронд ашиггүйгээр өөрчилсөн хэрэгт шалгагдаж байгаа “халзан” хэмээн Ганболд гэнэт Хөвсгөлд нэр дэвшигчээр тодроод байгаа. Өмнө нь мөн л Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалтай холбоотой “сахал” Эрдэнэбилэгийн хүн гэгддэг “блүүмбэргийн” Долгион гэх залуу ганц өдрийн дотор ҮБХ-ны гишүүн болж, БГД-т нэр дэвших мандатаа шууд авсан.
Энэ мэт шууд эрхээр горилогчдын тойргийг шууд булаан авсан хүмүүс 2-3 хан хоногийн дотор нэлээд гарч иржээ. Тэднийг судалбал бүгд мөнгөтэй хүмүүсийн тухайлбал, “Эрдэнэтийн 49” болон уул уурхай, банкны олигархиудын гар хөлүүд байгаа аж.
Хэд хоногийн өмнө болсон ҮБХ-ны хурал дээр гишүд нь тэднийг хичнээн эсэргүүцсэн ч С.Эрдэнэ дарга “Тэднийг ҮБХ гишүүн болгох зайлшгүй шаардлага гарсан” хэмээн тайлбарлаад хүчээр баталсан. Энэ нь нэр дэвших дэнчингийн мөнгийг албан бусаар 2 дахин нэмэгдсэнийг баталсан хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна.
Учир нь нэр дэвшигчдийн ажлын тайланг дүгнэх шалгаруулалтын Комиссын нэр бүхий хүнийг горилогчдоосоо “хахууль” нэхсэн гэх яриа гарчээ. Учир нь энэ комисст өмнө нь намынхаа ҮБХ-ны гишүүдийн мөнгийг казинод тоглоод алдсан Одбаяр гэх залуу ордог. Түүнийг С.Эрдэнийн баруун гар, санхүүгийн хамаг асуудлыг нь зохицуулдаг хэмээн ярьдаг бөгөөд энэ Комисст зүгээр нэг оруулаагүй хэмээн гишүүд нь хардаж байна.