Энтертайнмент
Хоол идэхдээ амны хаалтаа тайлах шаардлагагүй болжээ
Израил улсын зохион бүтээгчид хоол идэхэд хүндрэл учруулахгүйн тулд нэгэн цоо шинэ амны хаалт зохион бүтээжээ. Энэхүү амны хаалт нь автомат болон гар тохируулгатай аж. Хэрвээ сэрээ таны ам руу ойртвол амны хаалт түүнийг мэдэрч, автоматаар нээгдэнэ, эсвэл та гар дээрх товчлуурын тусламжтайгаар амны хаалтаа нээх юм байна. Энэ тухай тус амны хаалтыг зохион бүтээсэн Асаф Гителис “Энэхүү амны хаалт нь автомат болон механик тохиргоотой. Тиймээс та бүхэн хүссэнээ идэж, ууж болно. Үүнийг хэрэглэснээр таныг болон тантай хамт хооллож буй хүмүүсийг вирусээс хамгаална” хэмээжээ.
Энэхүү амны хаалтыг ирэх нэг сарын дотор үйлдвэрлэж, 0.85-2.85 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар ажиллаж байгаа аж.
Иргэдийн хувьд энэхүү дэвшилтэт амны хаалтыг цагаа олсон бүтээл гэж тодорхойлсон байна. Офир Хамейри гэх оюутан “Амны хаалтаа зүүнгээ хоол идэх боломжтой боллоо. Заавал хүн бүрт байх хэрэгтэй амны хаалт байна. Хэрвээ худалдаанд гарвал би нэгийг авна” гэж хэлсэн бол хөгжимчин Рон Силберштейн “Зайрмаг идэхэд л жаахан хүндрэлтэй юм байна. Гэхдээ хормогчтой байвал зүгээр юм аа” хэмээн ярьжээ.