Дэлхий
Дональд Трамп: АНУ-д халдварын тоо өндөр байгаа нь нэр хүндийн баталгаа
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоог нэр хүндийн баталгаа хэмээн тодорхойлжээ. Энэ талаар өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан байна.
Тэрбээр “Манай улсад халдварын тохиолдол өндөр байгаа нь олон хүнийг шинжилгээнд хамруулж байгаагийн илрэл. Үнэн хэрэгтээ нэр хүндийн баталгаа юм. Бидний оношилгоо бусад орнуудтай харьцуулахад илүү сайн байна. Энэ бол мэргэжилтнүүдийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүн.” хэмээжээ. АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр холбогдох албаныхан өнөөдрийг хүртэл 12.6 сая хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн байна.
Мөн Трампаас Латин Америкийн орнууд, ялангуяа Бразилын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох эсэх талаар асуухад “Бид энэ талаар хэлэлцэж байгаа” гэж хариулжээ. Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 250 мянга давснаар дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Трампын дээрх мэдэгдэл тэр дороо ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Конгресс дахь Ардчилсан Намын улс төрчид халдвар голомтлон тархсаныг удирдлагын алдаатай бодлогын илрэл хэмээн үзэж буй. АНУ-д өнөөдрийн байдлаар /2020.05.20/ коронавирусийн халдварын 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, 92 мянга орчим хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC