Энтертайнмент
Фэйсбүүк компани цар тахлын дараа ч ажилтнуудынхаа тал хувийг гэрээс нь ажиллуулдаг болно
Гэрээсээ ажиллах явдлыг Фэйсбүүк компани цаашид байнгын ажлын горим болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өчигдөр ажилтнууддаа мэдэгджээ.
Фэйсбүүк компани цаашид хүн ажилд авахдаа зайнаас ажиллах нөхцлийг түлхүү дэмжих ба ирэх 5-10 жилийн дотор нийт ажиллах хүчнийхээ тал хувийг ийм горимд шилжүүлэх гэнэ.
“Зайнаас ажиллах горимыг нэвтрүүлэх чиглэлд манай компани бусдыг араасаа дагуулах болно” гэж Зукербэрг энэ үеэр ярьжээ.
Одоо байгаа ажилтнууд нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний дотор өөрийн ажил үүрэг, гүйцэтгэлийг үнэлж цэгнээд цаашид ямар горимоор ажиллахаа компанийн захиргаанд мэдэгдэх юм байна.
Ингэсний үр дүнд Фэйсбүүк оффисын зай талбайгаа 25 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Тус компани дэлхий даяар 70 орчим оффис эзэмшиж, нийт 48,000 гаруй хүн ажиллуулдаг юм.
Энэ сарын эхээр өөр нэг сошиал сүлжээний компани болох Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси мөн гэрээсээ ажиллах горимыг “мөнхийн” болгох шийдвэрээ зарлаж байв.
Долоо хоногийн дараа тэр өөрийн удирддаг бас нэг компани Square-т бас ийм шийдвэрээ зарласан юм. Ийнхүү коронавирусийн цар тахал технологийн компаниудад ажиллах арга барилаа шинэчлэх, өөрөөр зохион байгуулах боломж олгожээ.
Эх сурвалж: AFP