Энтертайнмент
“Залуусын хот” хүртэлх бартаат замын тэмдэглэл
Улаанбаатараас Дархан-Уул аймаг орохоор хатуу хучилтыг нь хуулсан хуучин замаар болон хажуугаар нь зэрэгцүүлэн зассан, арзайж сэрийсэн, овойж шовойсон чулуутай шороон замаар дэржигнүүлсээр “Залуусын хот” Дарханыг зорив. Уг нь Улаанбаатар, Дархан гэх манай улсын хамгийн их хүн амын төвлөрөлтэй хоёр хотыг холбох энэ амьдралын зам нь Ерөнхий сайдын зургадугаар сард өгсөн тушаалаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нь нээгдчих учиртай байсан билээ. Зам зуурт явсан нутгийн эр “Энэ зам ирэх намар ашиглалтад орвол их юм. Зам гэж там юм даа” хэмээн нэлээн бухимдангуй хэлсэн юм. Арга ч үгүй биз. Хоёр тивийг холбосон гэх сүржин тодотголтой энэ эвдэрхий замаар өдөр бүр нийслэлийнхний жимс, хүнсний ногоо, мах сүүний ихэнх хэрэгцээг хангадаг олон улсын 50 орчим том ачааны машин, 100 гаруй жижиг тэрэг явдаг ажээ. Эвдэрхий, шороон замаар зорчих цуваа удааширч, эвдрэл тогтмол гарах болсноор зардал нэмэгдсэнтэй холбогдуулан зөөж буй бүтээгдэхүүний үнэ энэ хавраас өсөхөөс аргагүй болсон гэдгийг ч оросууд ил цагаан хэлэх болсон байна. Улаанбаатар-Дархан хооронд өдөрт дунджаар 40 орчим нийтийн тээврийн хэрэгслээр 800-850 зорчигч тээвэрлэдэг гэсэн албан мэдээ байна. Замдаа бид гүйцэж түрүүлсэн машины дугуйнаас үсэрсэн чулуунд машиныхаа урд шилээ хагалуулаад зогсож буй гэр бүлтэй таарав. Дарханы харьяат, Увсын уугуул гэх өрхийн тэргүүн эр нэлээд бухимдангуйгаар “Бид долоо хоног болгон хотод сурдаг оюутан хүүхдүүд дээрээ очдог. Завсраар нь фэйсбүүкээр захиалга аваад жоохон ногоо аваачиж зарж нэмэлт орлого олдог. Гэтэл энэ замаас болж орлого олох нь битгий хэл зарлагаа дийлэхээ болилоо. Оны өмнөхөн бас машины урд шилээ хагалуулсан. Та нар сонины хүмүүс бол тэр сайд дарга нар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдад дамжуулж өгөөч ээ. Дарханы зам бол Дархан, Сэлэнгийн иргэдийн амьжиргааны зам. У.Хүрэлсүх сайд аа, тэр ашигладаггүй сэлэм энэ тэрээ ганц удаа гаргаад зам тээврийн сайд Энх-Амгаландаа хариуцлага тооцооч. Худлаа л сүгсэлзсэн хүн байх юм. Ард түмэн бидний амьдрал ажлаа хийж чадаагүй сайдаас чинь болж улам хүндэрч байна. Дарханаас сонгогдсон гурван гишүүн огт ажиллахгүй байна” хэмээн бухимдлаа. Амьжиргааны замаар өдөртөө нааш цааш явдаг иргэдийн тоог 2000 орчим гэж тооцвол бүгд л энэ замд У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Б.Энх-Амгалан сайд хоёрыг нэлээд олон мянган удаа шүүмжилж бухимддаг байх нь.
Машины дугуй замдаа хэд хэдэн удаа хагарч, хоёр гурван запаас дугуйтай тулдаа л таг зогсчихгүйхэн шиг бид төвөө бараадасхийлээ. Хуучин Дархан руу орох замд жолооч залуу “Манай хот удахгүй Хуримын ордонтой болох гэж байгаа. Барилгын ажил нь ирэх сард дуусчих юм гэсэн. Намар дүүгийнхээ хуримыг энэ ордонд хийж, ид шидийг нь үзнэ дээ” гээд инээмсэглэлээ. Манай сурвалжлах баг шинээр сэргээн засварлагдаж буй хуримын ордны үйл явцыг сонирхохоор болов
ХУРИМЫН ОРДНЫ ЗАСВАРЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
Бартаат замаар баахан бэдчүүлсэн хүмүүс Хуримын ордны гадаа ирлээ. Засаад удаагүй байгаа, нүд гялбам шинэхэн өргөө биднийг угтсан юм. Гадаах гэрэлтүүлэг сайтай, зам талбайг нь засаад удаагүй бололтой. Цэмбэгэр гэж жигтэйхэн. Хуримын ордны хойморт мозайкаар хийгдсэн бүтээл буй нь нүдэнд эхлээд туслаа. Энэ бүтээл Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонтой адилхан хээтэй гэнэ. Барилгын дотор тал орчин үе болоод үндэсний хэв маягийг шингээсэн хийцтэй юм байна. Дээвэр, тааз нь европ хэв маягтай бол шалны пильта нь алхан хээгээр хүрээлэгджээ. Түүнчлэн цэвэр модоор урласан алтан өнгө бүхий алхан хээтэй хоёр багана, тооно танхимын голд сүндэрлэнэ. Монголд байхгүй Гэрлэх ёслолын өргөө болох нь гэж хүмүүс ярилцаж байлаа.
Эл Гэрлэх ёслолын ордон анх 1985 онд ашиглалтад орж, 2001 онд тухайн үеийн аймгийн Засаг даргын тушаалаар хувьчлагдсан гэнэ. Хувьчлагдахдаа эд хөрөнгийг хүлээлцсэн актад нь Гэрлэх ёслолын ордныг худалдаж авч буй иргэнийг гэр бүлийн холбогдолтой үйлчилгээг хэвээр нь үргэлжлүүлэн явуулах болзолтойгоор худалдсан гэдгийг тусгаж өгсөн аж. Гэвч худалдаж авсан иргэд эд хөрөнгийг хүлээлцсэн актад заасны дагуу зориулалтаар нь ашиглаагүй аж. Бүр шөнийн цэнгээний газар хүртэл болгож үзсэн байна. Тэгээд ч зогсоогүй, өнөөх хувьчлагчид барилгыг Есүсийн сүмд өндөр үнээр заржээ. Азаар 2016 онд “Дархан нутаг” ТББ тус байгууламжийг худалдан авч, 50 хувийг нь аймгийн ЗДТГ-т үнэгүй бэлэглэжээ. Гэвч тухайн жил Дархан-Уул аймгийн Засаг дарга солигдож, ИТХ-ын тогтоолоор бэлэглэлийг хүчингүй болгосон байна. Энэ үйл явцыг саяхан “Дархан нутаг” ТББ мэджээ. Гэрлэх ёслолын ордон 2008 оноос хойш тоногдож балгас болсон байсан. Тиймээс “Дархан нутаг” ТББ засварын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэн инженерийн шугам хоолой, зам талбай, гадна фасад гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусч, дотор засварын ажлыг хоёрдугаар сарын 1-ний дотор дуусгаж бүрэн гүйцэд ашиглалтад оруулахаар эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байна. Биднийг Гэрлэх ёслолын ордон руу ороход дотор засал засварын ажил ид өрнөж байв. Ажил нь 80 хувьтай явж байгаа гэж хариуцсан хүмүүс нь хэлж байлаа.
Бид засварын ажлыг хариуцаж буй Б.Мягмардашаас зарим зүйлийг тодруулахад “Бид энэ барилгыг “Гэрлэх ёслол хүндэтгэлийн өргөө” хувьцаат компани болгосон. Энэ хувьцаат компанийн зохих ёсны хувийг Дарханы иргэдэд өгсөн. Аймгийн захиргаанд мөн тодорхой хувийг нь өгөх бодолтой байна. Гэхдээ хүлээж авах эсэхийг нь мэдэхгүй байна. Хуримын ордонд ёс журмынх нь дагуу гэр бүл, хамаатан садан, олон түмний нүдэн дээр андгай тангараг өргөж гэрлэсэн хосуудын салах магадлал бага байдаг. Гэр бүлээс эх орон эхэлдэг гэдэг. Тиймээс гэр бүл бат бэх байж гэмээн улс, эх орны минь тусгаар тогтнол бат бэх байна. Орчин үед гэрээтэй гэрлэх, хамтран амьдрах гэх мэт шинэ нэр томьёонууд гарч ирж, монгол ёс заншил алдагджээ. Дархан хот маань дөрөвдүгээр сараас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болно. Хотод зайлшгүй байх ёстой зүйл бол Гэрлэх ёслолын ордон шүү дээ. Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайхан ажлыг “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш санаачилж, эхлүүлж, өдгөө дуусах шатандаа орж байна. Ер нь итгэл, сэтгэл, зүтгэлтэй бол ямар ч ажлыг бүтээж чаддаг юм байна” гэлээ.
АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁС, ЭВ НЭГДЭЛ, ЭРХ ЧӨЛӨӨН ДЭЭР ТОГТДОГ
“Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш төрөлх хотдоо олон олон бүтээн байгуулалтыг хийж байгаа гэдгийг нутгийн иргэдээс сонслоо. Дарханчууд эл залууд нэлээн ам сайтай байв. “Дархан 50” цогцолборт Н.Мөнхдаш эв нэгдлийг бэлгэдсэн Алун гуа эх болон таван хөвүүний хүрэл хөшөө, эрх чөлөөг бэлгэдсэн гартаа хонх бүхий Чингис хааны хөшөөг итгэл, сэтгэл, зүтгэлээрээ бүтээжээ. Ардчилал гэдэг шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гурав дээр тогтдог. “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш Шударга ёсыг бэлгэдсэн бас нэгэн хөшөөг босгох гэж буй талаар нутгийн иргэдээс сонслоо. Түүнчлэн Аймгийн эмнэлэгтээ хоёр түргэний тэрэг бэлэглэсэн болон “Дархан хотын 100 эрхэм” номыг бүтээсэн гэх мэт “Дархан нутаг” ТББ болон Н.Мөнхдашийн талаар олон сайхан зүйлийг дарханчууд ярих юм билээ. Олон нийт рүү хандсан олон ажлыг зохион байгуулсан гэнэ. Үүнийг нэг нь “Архигүй Дархан 500” хөтөлбөр юм. Энэ талаар “Дархан нутаг” ТББ-ын дэд тэргүүн Г.Гантулгаас тодруулахад “Өнгөрсөн оны наймдугаар сард энэ ажил эхэлсэн. Энэ хөтөлбөрт архины хамааралтай болсон Дархан хотын залуус болон энэ хотод ажиллаж амьдарч буй иргэд, архинаас гаръя гэсэн чин хүсэлтэй иргэд оролцдог. Түүнчлэн хөтөлбөрт оролцож, архины хамаарлаасаа гарчихсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран ажлын байр болон мэргэжилтэй болгох, амьдралд нь хэрэгтэй сургалтад хамруулах гээд олон ажлыг хийж байна” гэв.
Эх сурвалж: Өдрийн сонин Б.ТҮВШИН