Нийгэм
Нэг купенд дөрвөөс олон хүн зорчиж байгааг шүүмжлэв
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгав. Ингэснээр хөл хориог дахин нэг сар сунгалаа.
Төр засгаас олон нийтийн үйл ажиллагааг ийнхүү хориглож, ЭМЯ-наас аль болох гадуур гаралгүй, гэртээ байхыг зөвлөж байна. Гэвч бодит байдалд эдгээр хязгаарлалт, арга хэмжээ хэрэгжихгүй байгааг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээр үйлчлүүлсэн уншигч шүүмжлэв. Тэрээр зорчигчийн галт тэргээр иргэд бага насны олон хүүхдийн хамт үйлчлүүлж байна гээд нэг купенд 11 хүн зорчсон гэсэн юм.
УБТЗ-ын мөрдөж буй, Тарифын III мөрдлөгөөр иргэд тав хүртэл насны, гурван хүүхдээ үнэ төлбөргүй авч явах эрхтэй. Иймд иргэд бага насны хүүхдүүдээ авч явдаг байна. Харин УБТЗ тэдгээр хүүхдүүдэд билет бичиж өгдөггүйгээс хүүхдүүдэд суудал хуваарилдаггүй тул бусад зорчигчийн хамт нэг купенд олуулаа зорчихоос аргагүйд хүрдэг байна.
Иймд хөл хорио үргэлжилж буй өнөө үед УБТЗ зорчигчдын ая тухыг хангах үүднээс Тарифын III мөрдлөгөө эргэж харах эсвэл үнэ төлбөргүй зорчиж буй хүүхдүүдэд ч суудал хуваарилах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.