Энтертайнмент
Жейдон Санчо анхны “хэт-трик”-ээ хийж, Жеорж Флойдод хүндэтгэл үзүүллээ
Германы Бундеслигийн 29 дүгээр тойргийн хүрээнд Боруссиа Дортмунд клуб Падерборн клубийн талбайд зочлон 1-6 харьцаагаар хожсон. Тэгвэл уг тоглолтод Дортмунд клубийн довтлогч Жейдон Санчо анхны “хэт-трик /нэг тоглолтод гурван гоол/”-ээ хийсэн бөгөөд эхний гоолоо хийснийхээ дараа Жеорж Флойдод хүндэтгэл үзүүллээ.
Санчо дотор цамц дээрээ “Justice for George Floyd” хэмээн бичсэн байв. Жеорж Флойд нь АНУ-д цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст бөгөөд өдгөө түүний нэрээр шударга ёсыг эрсэн тэмцлийн хөдөлгөөн АНУ-ын 20 гаруй мужид өрнөөд байна.
Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн ч хоёрдугаар үе эхлээд 54 дэх минутад Торган Азар эхний гоолыг хийв. Түүний гоолоос ердөө гурван минутын дараа Жейдон Санчо гоолдсон бөгөөд тоглолтын үлдсэн 5 гоол сүүлийн 20 минутад оржээ.
Дортмунд ийнхүү хожсоноор хүснэгтийн хоёрдугаар байранд 60 оноотой, тэргүүлэгч Байерн Мюнхен клубээс 7 оноо дутуу бичигдэж байна. Харин Падерборн клуб хүснэгтийн ёроолд буюу 18 дугаар байранд 19 оноотой, дээр бичигдэж буй Вердер Бремен клубээс 6 дутуу хэвээр үлдлээ.