Энтертайнмент
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга заазлах шийдвэр гаргажээ
Нидерландын засгийн газар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийт 10,000 булга заазлах шийдвэрийг энэ долоо хоногт гаргажээ.
Арьсыг нь ашиглах зорилгоор булга үржүүлдэг 10 фермд халдвар илэрсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Нидерландын булганы фермд өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн анхны халдвар илэрч байжээ.
Дараа нь тавдугаар сард булганаас хүнд коронавирус халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь Хятадад коронавирусийн тахал анх дэгдсэн цагаас хойш амьтнаас хүнд дамжсан одоогоор мэдэгдэж байгаа ганц тохиолдол юм.
Хамгаалалтын хувцас хэрэглэлтэй фермийн ажилтнууд хорт хийгээр утах аргаар булгануудыг устгахаар болжээ. Амьтны арьсаар хувцаслахын эсрэг тэмцдэг байгууллагууд энэ арга хэмжээг булганы фермүүдийг бүрмөсөн хаах боломж гэж үзэж байна.
“Нидерландад гарсан тохиолдлыг харгалзан үзээд булганы фермүүдээ хаахыг энэ салбарт тэргүүлдэг дэлхийн 24 оронд бид уриалаад байна” гэж Humane Society International байгууллагын тэргүүн Клэйр Басс хэвлэлд ярьжээ. Тус байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр Хятад, Дани, Польш улсууд булга үржүүлгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр арьсыг нь ашиглах зорилгоор 60 сая орчим булга устгадаг гэнэ.
Нидерланд улсад нийт 140 ферм ажиллаж, жил бүр 90 сая еврогийн арьс экспортлодог ажээ. Тус улсын засгийн газар булганы фермүүдийн хохирлыг нөхөн олгохоор болсон байна.