Дэлхий
Японд онц байдлын зэргийг дахин нэг шат буурууллаа
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр орой хэвлэлийн бага хурал хийж төлөвлөгөөний дагуу 19-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн онц байдлын зэргийг нэг шат бууруулж байгаагаа зарлав. Ингэснээр өнөөдрөөс эхлэн зарим томоохон арга хэмжээнээс бусад буюу 1000 хүртэл хүн цуглах үйл ажиллагааг зохион байгуулж болохоор болж байгаа бөгөөд орон нутаг хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдаж байна.
Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөг, бэйсбол зэрэг мэргэжлийн спортын лигийн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна Ерөнхий сайд Шинзо Абэ “Цаашид эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх үүднээс Вьетнам, Тайланд, Шинэ Зеланд, Австрали зэрэг гадаад улсаас ирэх болон зорчих хөдөлгөөнийг цаашид үе шаттайгаар нээх чиглэл баримталж байна” гэв.
Түүнчлэн Японы эрх баригчид өнөөдрөөс эхлэн Токио хотын эргэн тойрны Чиба, Сайтама, Канагава мужууд болоод Хоккайдо муж руу иргэдийн орж, гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаатай холбогдуулан иргэдийн “хөдөлгөөн бүртгэх” ухаалаг утасны аппликейшн ашиглах үйлчилгээг нэвтэрүүлжээ.
Японы “Эн-Эйч-Кэй” агентлагийн 18-ны өдрийн 17:00 цагийн мэдээллээр Токио хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 41 хүн бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 5674 болжээ. Хоккайдо мужид өчигдөр таван шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт нэг бүртгэгджээ. Ингэснээр тус мужийн нийт тохиолдлын тоо 1189, нас барсан хүний тоо 93 болжээ.
Эх сурвалж: Токио хот дахь Элчин сайдын яам