Дэлхий
Дэлхий даяар халдвартай нь илэрсэн хүний тоо 9 сая давлаа
Долоо хоног бүр коронавируст халдварын тохиолдол 1 саяар нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 8 сая, түүний өмнөх долоо хоногт 7 сая хүн халдвартай нь тогтоогдоод байсан бол энэ долоо хоногт 9 сая давлаа.
Дэлхий даяар 24 цагийн дотор коронавирусийн халдварын 130’252 тохиолдол шинээр илэрсэн бол 3338 хүн нас баржээ. Нийт нас барагсдын тоо 469’604 хүн нас бараад байна.
АНУ-д хоногт халдварын 26 мянга гаруй тохиолдол, Бразил улсад 16,8 мянган тохиолдол нэмэгдлээ. Бразил улсад нийт халдвартай нь баталгаажсан хүмүүсийн тоо 1 сая даваад байна.
АНУ-д нийт 122 мянган хүн, Бразилд 50 мянган хүн нас барсан бөгөөд хоногт нас баралтын тохиолдлоороо Бразил улс дэлхийд тэргүүлж, АНУ хоёрдугаарт бичигдэж байна.
Европт хөл хорионы дэглэмээ сулруулсаар байна. Герман улсад R буюу нэг хүн бусдад халдвар тараах үзүүлэлт буцаад өсчээ. Харин Испани улс гурван сарын хугацаанд үргэлжилсэн онц байдлаа цуцалж, Европын улс орнуудын иргэдэд хилээ нээгээд байна. Иран улсад нас баралт эргээд өсөх хандлагатай болжээ. Тус улсад гурав дахь өдрөө дараалж нас барсан хүний тоо 100 давжээ. Бээжин хотод сүүлийн өдрүүдэд 220 шинэ тохиолдлыг илрүүлж, эрх баригчид халдварын хоёр дахь давлагаа гарахаас болгоомжилж эхлээд байна.
Эх сурвалж: worldometers.info, BBC