Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Галбадрах: Хувьсах зардлыг хасвал хувийн сургуулиуд хаалгаа барьж, улсын сургуулийн ачаалал нэмэгдэнэ

Нийтэлсэн

“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, боловсрол судлалын доктор /PH.D/ Ж.Галбадрахтай улсын сургуулиудын менежментийг сайжруулах түүний санаачилга болон хувийн сургуулийн хувьсах зардлын талаар ярилцлаа.

-Хувийн сургуулийг улсын сургуулийн ачааллаас үүрэлцэж байна гэж харж болно. Гэтэл сүүлийн үед хувийн сургуулиудын үйл ажиллагаа илт бизнес болж хувирлаа гэж олон нийт шүүмжилдэг.
-Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Энэ зарчмын дагуу хувийн салбар бүх талбарт хөгжиж байна. Боловсролд ч тэр. Үүнийг сошиал бизнес буюу нийгмийн сайн сайхны төлөөх бизнес гэж хэлж болно. Үр ашиг нь тухайн хувь хүн, байгууллагаас гадна нийгэмдээ ашиг тусаа өгдөг бизнес юм. Боловсрол нэг талаараа бизнес. Манайд ч жам ёсоороо хөгжиж байна. Улсын сургуулийн сургалт чанартай, хүртээмжтэй байвал хувийн сургууль аяндаа хумигдана. Хувийн сургуульгүй улс олон гэж хүмүүс ярьдаг. Төрөөс суурь боловсролыг сайн олгож чадаж байгаа оронд тийм байх нь ойлгомжтой шүү дээ.

Гэтэл манайд 50-60 хүүхэдтэй ангид хичээлийн үр дүн тааруу гэж үзсэн эцэг эхчүүд 30 хүүхэдтэй сургуулийг зорих нь тэдний сонголт шүү дээ. Энэ нь нийгэмдээ эргээд ашиг тусаа өгдөг сошиал бизнес юм. Улсын сургуулиудын тоог нэмэх нэн шаардлагатай. Боловсролд хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийг төр ядаж дэмжих хэрэгтэй. Төр өөрөө хүрэлцэхгүй, ард түмэн хүсэж байна, эрэлт байгаа тохиолдолд төр дэмжих хэрэгтэй шүү дээ.

Хувийн сургуулийг хавчих биш улсын сургуулийнхаа чанарыг сайжруулахад анхаарвал зах зээлийн хуулиараа зохицуулагдана шүү дээ.

Японд бол сургуульд оруулах, тэтгэлэг олгох зэргээр боловсролд хөрөнгө оруулсан тохиолдолд ямар ч татваргүй.

Хувьсах зардлыг “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж Үндсэн хуульд заасны дагуу авч буй юм. Өөрөөр хэлбэл хүүхэд 6 нас хүрч, сургуульд ороод 18 нас хүртэл олж авах боловсролыг хүүхдийн тоо толгойгоор төсөвт суулгасан байдаг. Хэддүгээр анги, аль сургууль, хэний хүүхэд байхаас үл хамааран хувьсах зардлыг төр даана гэдгээ хуульчилсан. Тухайн хүүхэд хувийн сургуулийг сонгож буй болохоос бүгд улсын сургуульдаа сурвал хувьсах зардлаа авах л ёстой шүү дээ. Гэтэл улсын сургуульд сурвал хувьсах зардлыг өгч болно. Хувийнх бол болохгүй гэж байна.

Хувийн сургуулиудыг байхгүй болгоё л гэсэн санаа байх л даа. Хувийн сургууль байхгүй бол улсын сургуулийн сургалт сайжирна гэж яриж байх шиг байна. Улсын ганц дэмжлэг болох хувьсах зардлыг зогсоовол хувийн сургуулиуд хаалгаа барьж эхэлнэ гэдгийг би баталгаатай хэлнэ. Өндөр төлбөртэй гээд л яриад л байна. 20 саяас дээш төлбөртэй 2-хон, 10 саяас дээш бол таван сургууль л бий. 4 сая хүрэхгүй төлбөртэй нь 80 хувь байна. Манай сургууль 5 сая хүрэхгүй төлбөртэй.

Хувьсах зардлыг ялгамжтай өгдөг. 5-аас доош бол хувьсах зардлыг 100 хувь улсаас олгоё гэдэг. Үүнийг хувийн сургуулиуд хүлээн зөвшөөрчихсөн. Нэг хүүхдэд ангиас хамаараад 280-350 мянган төгрөгийг жилдээ нэг удаа олгож буй нь үндсэн хуулиараа хаана сурч байгаагаас үл хамааран хүүхэд бүрт олгохоор төсөвлөгдсөн л мөнгө юм.

-Үндсэн хуулиар суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Гэтэл хувийн сургууль үнэ төлбөртэй олгож байна. Энд зөрчил гарч байна гэж иргэд ойлгодог?
-Үнэ төлбөргүй олгоно гэдэг нь тухайн хүүхдэд оногдох мөнгийг улс төсөвлөж гаргана л гэсэн үг. Үүний дараа хүүхэд хувийн сургуулийг сонгох эрх нь нээлттэй шүү дээ. Хувийн сургуульд сурвал хувьсах зардал гаргахгүй гэсэн ойлголт биш. Тухайн хүн хүүхдээ төлбөртэй сургуульд сургахыг сонгосон л гэсэн үг. Хувийн сургууль байхгүй болчихвол одоо сурч буй хүүхдүүд бүгд улсын сургууль руу шилжинэ гэсэн үг. Ингээд хавсгайгаараа 60,70 хүүхэдтэй хичээллэе гэсэн санаа юм болов уу? Ингэх биш харин ч 30 хүүхэдтэй сургах боломжийг бий болгохын төлөө зорих ёстой. Улсын сургуулийн чанар сайжраад ирвэл хэн ч илүү төлбөр төлөхийг хүсэхгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд, бүх ангийг 30 хүүхэдтэй л болгочих.

Хувийн сургуулийг хавчихыг биш улсын сургуулийнхаа чанарыг л сайжруулахад анхаарвал зах зээлийн хуулиараа зохицуулагдана. 20 сая төгрөгний төлбөртэй сургуульд хүн дуртайдаа хүүхдээ өгөөд байна уу гэдгийг бодох учиртай. Аль чанартай гэсэн рүү нь хүн тэмүүлээд байна. Эрх нь ч бий. Тухайлбал, жийп уная гэсэн хүн бүрийг бид болио гэх нь утгагүй. Төрийн мөнгө зарлагадах гэж буй бол мэдээж хэлж болно, бизнес хийж буй хүн бол жийпээ унана шүү дээ. 50,60 хүүхэдтэй ангид хүүхдээ сургамааргүй байна гэсэн эрэлт байгаа учраас хувийн сургууль байгаа юм.

Ялангуяа ахлах анги буюу 9-р ангид улаан шугамнаас доогуур жагссан хүүхдүүд төлбөрөө бариад хувийн сургуульд ирэх нь олон шүү.

Манай сургуульд энэ жил 1500 хүүхэд шалгалт өглөө. Бид 5 сая төгрөгийн дотор төлбөрөө барьж байна. Улсын сургуулийг 30 хүүхэдтэй болгоод, багш нарынх нь цалинг нэмж, сэтгэл ханамжтай байлган, шавь нарынхаа хандлагыг өөрчлөхөд босоод л ирнэ. Яагаад улсын сургуулийг ийм болгож болохгүй гэж бодоод би найман сургуульд ажиллаж эхлээд байна. Үүнийг хаанаас ч санхүүжүүлээгүй. Миний хичээл зүтгэл буюу төслийн ажил юм. Би энэ байдалд маш их санаа зовж байгаа учир өнгөрсөн жил Нагояагийн их сургуульд докторт бүртгүүлсэн.

Тодруулбал, “Монголын төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах нь” гэсэн сэдвийг сонгосон. Би өөрөө Төв аймгийн сургуулиас ажлын гараагаа эхэлж байсан. Нийслэлийн 84-р сургууль болон ХАА-н дээд сургуульд багшилж, Боловсролын хүрээлэнд ажиллаж байгаад Япон явсан юм. “Шинэ Монгол” сургуулийг тэгээс нь эхэлж, хэд хэдэн удаа дампуурлын ирмэгт тулж байлаа. Тухайн үед буюу 2000 оны үед боловсролыг дэмждэг олон сайхан хүн байж дээ.

Японд нийт хүүхдүүдийн 45 хувь нь их сургуульд ордог. Үлдсэн нь ажилтан болдог.

Тэдний хүчинд өнөөдөр сургууль маань нэр хүндтэй, 1500 хүүхэд өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Мөн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиа Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой хамтран байгууллаа.

Аварга маань эрэлт их байгаа учраас хамтраад хоёр дахь сургуулиа байгуулъя гэж надад санал тавьсан. Эхлээд би цааргалан, та өөрөө хийчих, би дэмжье гэсэн. Аварга удаа дараа санал тавьж, эрс шийдсэн байсан учраас бид хамтраад явж байна. Сургуулийн үйл явц бүрэн дуусаагүй ч өнөөдрийн байдлаар 21 тэрбум төгрөг оруулчихсан байна. Эхний гарааны хөрөнгө оруулалтыг аварга гаргаж байгаа юм. Би оюуны өмчөөрөө хамтарч байна. Тэр хүн нөр их хөдөлмөрлөж, хөлсөө урсган байж хэдэн төгрөг цуглуулсан байгаа шүү дээ. Түүнийгээ авто машин, уул уурхай, үл хөдлөх хөрөнгөд биш боловсролд хөрөнгө оруулахаар шийдсэн тэр сэтгэлийг нь олж харан хамтрахаар зөвшөөрсөн юм.

Бид банкнаас их хэмжээний зээл аваад хэрэгжүүлэхээр зүтгэж л байна. “Багшаа төр нь дэмждэггүй, Монголын банк ямар өндөр хүүтэй юм бэ” гэх зэргээр аварга их гайхдаг. Одоо хувийн сургуулиудыг компани бол гэж шахаж, татвар авах гэж байна. Юун татвар вэ? Боловсрол олгоно гэдэг асар их зардалтай, нөр их хөдөлмөр юм шүү дээ.

Япон улсад улсын сургууль сайн учраас хувийн сургуулийн төлбөр өндөр байвал хэн ч орохгүй.

Бид хувийн сургуулиуд дотроо бас ад үзэгддэг. Та төлбөрөө 5 сая дотроо байлгах юм, хүрээд байгаа юм уу л гэдэг. Өөдөөс нь би ард түмний амьдрал… гэхээр л “Танд ард түмний амьдрал хамаагүй шүү дээ, эрэлт нь байхад төлбөрөө нэмээд яв, 10 сая болгоход танай сургуульд хүн ирнэ” гэдэг юм. Ирнэ л дээ.

Гэхдээ Монгол Улс хүүхэд бүрд боловсролоо үнэ төлбөргүй олгоё, боловсролоо тэргүүлэх салбар болгоё гэсэн энэ үед өөр тийш явчих байсан аваргын мөнгийг боловсрол руу чиглүүлж, сургууль болгож үлдсэндээ баярлаж л сууна. Гэтэл төрөөс хувийн сургуулиудад татвар оноож, хувьсах зардлыг хасаж, хувийн сургуулиудын хаалгыг баривал хэн ч боловсролд хөрөнгө оруулахаа болино. Бүгд улсын сургуульдаа 60, 70-уулаа суудаг болох уу гэдэг асуудал үүснэ.

Дэлхийн зах зээлийн 50 хувийг боловсрол, эрүүл мэнд, энтертаймент эзэлдэг. Японд улсын сургууль сайн учраас хувийн сургуулийн төлбөр өндөр байвал хэн ч орохгүй. Хувийн сургууль таван сая хүрэхгүй төлбөртэйгээр явж болох жишиг тогтоож, харуулахыг би зорьж байна. Төрд шахалт байх ёстой шүү дээ. “Шинэ Монгол” сургуульд тавдугаар ангиасаа англи хэл, наймдугаар ангиасаа хоёрдогч гадаад хэлээ үздэг. Бусад хичээл монгол сурах бичгээрээ явдаг. Улсын сургуулиудын багш нарын цалинг нэмчхэд л босоод ирнэ гэж би боддог.

-2019-2020 онд хувийн 157 сургуулийн 46783 хүүхдэд 18.8 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгосон. Үүнийг улсын сургуульд, тухайлбал багш нарын цалинг нэмэхэд зарцуулах хэрэгтэй гэх хүн цөөнгүй.
-Багш нараа сайжруулахад зориулж мөнгө төсөвлөх ёстой. Хувьсах зардал бол Үндсэн хуулиараа хүүхэд бүрд өгнө гээд төсөвлөчихсөн мөнгө юм.

ЯПОНД ШИЛДГҮҮД НЬ АЙМАГ, УЛСЫНХАА АХЛАХ СУРГУУЛЬД, ҮЛДСЭН НЬ ХУВИЙН СУРГУУЛЬДАА ОРДОГ

-Хувийн сургуулиуд хамгийн шилдэг хүүхдүүдийг сорчилж авдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Тухайлбал, “Шинэ Монгол” сургууль хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь өрсөлдүүлж байна гэсэн шүүмжлэл бий.
-Энэ маш өрөөсгөл ойлголт шүү. Манайх шиг дүүртлээ ордог, шалгалт авдаг сургууль ховор. Хувийн сургуулийн дийлэнхэд “гологдсон хүүхдүүд” ордог. Ялангуяа ахлах анги буюу 9-р ангид улаан шугамнаас доогуур жагссан хүүхдүүд төлбөрөө бариад хувийн сургуульд ирэх нь олон. Нэг бол МСҮТ-д орно. Ихэнх хувийн сургууль сурлагыг нь харахаасаа илүү төлбөрөө төлөөд ороорой л гэдэг. Улсын сургуулиас хасагдаад, төлбөрөө цуглуулаад ирж байгаа энэ хүүхдүүдийг сургана гэдэг асар хүнд хөдөлмөр юм шүү. Үүнийг судлаад үзэж болно. Ёстой үнэн шүү.

Манай сургууль бага ангид л элсэлт авдаг, 5, 6-р 9-р ангид нэмж авдаггүй. Манайд сул сурч байгаа хүүхдүүд бий. Гэхдээ бид улаан шугам татаж, хасахгүй. Өөрөө сургаж сургачхаад чи муу байна гэж хасна гэдэг бол асар харгис. Манай сургууль харьяалал харгалзахгүй бүх хүүхдэд нээлттэй. Эрэлт их байгаа учраас яалт ч үгүй шалгалт авахаас аргагүйд хүрдэг. Үүнд төлбөрөө 5 сая дотроо барьж буй нь нөлөөлдөг байх.

“ШИНЭ МОНГОЛ”-ТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСВЭЛ САНАЛАА ЯВУУЛНА УУ ГЭХЭД 117 СУРГУУЛЬ ИЛГЭЭСЭН

-Төлбөрөөс гадна сургалтын арга барил, үнэ цэн гэж бий байх. Та үүнийгээ олон хүүхдэд хүргэхийн тулд улсын 8 сургуульд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна уу?
-Би эртэй сайндаа ч энэ сургуулийг байгуулчхаагүй юм. Японд очоод цагийн ажил хийгээд, гэр бүлээрээ амьдарч явахдаа тус улсад их атаархсан. Яаж ингэж хөгждөг юм бол гэдгийг судлаад л явдаг байлаа. Гол нууц нь чанартай боловсрол байсан. Тэр дундаа ахлах сургуулийн сургалтын чанар маш өндөр. Ахлах сургуульд орох маш их өрсөлдөөнтэй. Хамгийн шилдгүүд нь аймаг, улсынхаа ахлах сургуульд, үлдсэн нь хувийн сургуульдаа ордог.

Зарим хувийн сургуульд ороход ангийн хойно шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн хүүхэд зөндөө. Хичээл огт хийхгүй. Тэднийг хувийн сургуулиуд ясны сайн ажилчин болгоход чиглүүлдэг. Чи япон хүн шүү, цаг барих ёстой шүү, ёс суртахуун, үнэт зүйлийг нь яс сургадаг. Шилдэг ахлах сургууль төгсөөд Токиогийн их сургуульд орсон хүүхдүүд “Бид элит боллоо” гэж ярьдаг. Японд нийт хүүхдүүдийн 45 хувь нь их сургуульд орж, үлдсэн нь ажилтан болдог. Мэргэжлийн ахлах сургууль олонтой. Тус улсад үйлчилгээний ажилтан маш их хэрэгтэй учраас боловсон хүчний бүтцээ сайн хардаг.

Би анх “Шинэ Монгол”-ыг байгуулахдаа нийгмийг нуруундаа үүрч явах иргэнийг бэлтгэе гэж зүтгэлээ. Үүнийхээ эхний шатыг дуусгасан. Манай хүүхдүүд Токио, Харвардын их сургуульд доктор хамгаалсан. Би ахиад ирээдүйн Нобелийн шагналтан, эрдэмтдийн суурийг тавих гэж үзмээр л байна. Даанч нэг л зүйл миний сэтгэлийг их эмзэглүүлдэг. Энэ бол төрийн өмчийн сургуулиудын арчаагүй байдал. Энэ нь багш, удирдлага, ажилтны буруу биш, улс төрчид бодлого гаргахгүй яваад байна. Зүгээр л сандал ширээтэй зууралдсан л хүмүүс байх юм.

Би “Шинэ Монгол” сургуулийг байгуулахдаа Монголын нийгмийг нуруундаа үүрч явах иргэнийг бэлтгэе гэж зүтгэсэн. Үүнийхээ эхний шатыг дуусгасан.

Би эхэндээ зөв бодлого боловсруулахын төлөө зөндөө явсан, тэмцсэн. УИХ дээр ч орж байв. Хэн ч тоодоггүй. Төрийн залгамж байхгүй. Нэг сайд гарч ирээд юу ч мэдэхгүй. Өөрийгөө тойруулаад хэдэн хүнтэй баг бүрдүүлчхээд өөр юм яриад зүтгэчихдэг. Би сүүлдээ яасан үр дүнгүй, уялдаа холбоогүй юм бэ гээд орхисон. Гэхдээ би Монголын ЕБС-ийг сайжруулна, боломж бий гэсэн чин сэтгэлтэйгээ л үлдсэн. Одоо байгааг ч сайжруулах боломжтой. Гэхдээ багш нарын цалин дэндүү бага. Нэмэхээс өөр аргагүй. Дээр нь багшийг хөгжүүлээд, сургуулийн соёлыг бий болгоод, менежментийг сайжруулаад явж болно.

Энд тэндэхийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэхийн оронд Монгол дотроо байгаа сургуулиудаасаа суралцаад, хамтарч ажиллаад явах зөндөө боломж байна. Би саяхан Нийслэлийн 97-р сургуульд ажиллаад ирлээ. Шинэ Монголын брэнд гэвэл 15 зүйл бий. Үүнээс арвыг нь улсын сургуульд нэвтрүүлж болох зүйл гэж үзээд санал тавьж буй юм. Нэг сургууль гурвыг нь сонгочих, дараа нь би арга зүйг нь хэлээд өгье гэсэн. Эхний сургууль 10-ууланг нь авч хэрэгжүүлье л гэж байна./инээв/ Гэхдээ одоо байгаа боломж дээрээ тулгуурлаад гурван зүйлийг нэвтрүүлж чадвал дараагийнх руугаа орох урам зориг төрнө шүү дээ. “Шинэ Монгол”-той хамтарч ажиллахыг хүсэж байвал хүсэлтээ явуулна уу гэхэд 117 сургууль илгээсэн.

-Та улсын сургуультай хамтарч ажиллах тухай саналаа яаж явуулсан бэ? Мөн сургуулиудаа яаж сонгосон юм бол?
-Би Боловсролын хүрээлэн дээр очоод, мэдээллээ дамжуулж өгөхийг хүссэн юм. Тэгээд найман сургууль сонгосон. Үүнд хотын төвөөс 52, 97 дугаар сургууль, хотын захын Хайлаастын 72-р сургууль болон Бага нуурын “Гүн галуутай” цогцолбор, мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сум болон Булган аймгийн Баяннуур сумын сургууль, аймгийн төвийн хоёр сургууль нь Сүхбаатар аймгийн хоёрдугаар 10 жил, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дөрөвдүгээр сургууль юм. 117 сургуулийн ирүүлсэн анкеттай танилцаж суухад сургуулиа сайжруулахыг маш их хүсэж байгаа нь харагдсан.

Би эхлээд сургуулийн удирдлагын хандлагыг л өөрчилмөөр байна. Би захиралд нь өөрийнхөө хийдэг ажлуудыг хэлж өгнө.

Мэдээллээ хаагуур явуулав, мэдээгүй өнгөрчихлөө гэж олон сургууль гомдоллож байна. Сонгогдсон сургуулиуд хамтарч ажиллах болсондоо маш их баярлаж байна. Хэний төлөө юуны төлөө би ингэж явна вэ. Би эхлээд сургуулийн удирдлагын хандлагыг л өөрчилмөөр байна. Би захиралд нь өөрийнхөө хийдэг ажлуудыг хэлж өгнө. Мөн багш нар хоёр өдөр хичээлгүй байна. Энэ өдрөөрөө “Шинэ Монгол” сургууль дээр ирээд хамтарч ажиллаарай гэж хэлсэн.

Хийе гэсэн чин сэтгэл гэж бий. Би 117 сургуулиас наймыг нь сонголоо. Хийе гэж зориод байгаа хэрнээ аргаа олохгүй хүн байна. “Шинэ Монгол”-ын менежментийг судална гэхээр эцэг эхчүүд ч нүд нь сэргээд ирж байна гэж ярьж байсан. Манай сургууль “Шинэ Монгол” шиг болох нь гэсэн тэмүүлэл бий болчхож байна. Тэр нь энэ хүмүүсийг хөдөлгөх хөдөлгүүр болчихно л доо. Сургууль дээр очиход багш нар нь бүгд ирчихсэн, тачигнатал алга ташаад хөөрхөн л хүлээж авч байна./инээв/

Манай сургууль улсын сургуультай олон талаар төстэй. Хичээлийн хоёр ээлжтэй, анги дүүргэлт ихтэй, бужигнаантай. Зарим хүн орж ирээд ийм замбараагүй сургуульд хүүхдээ оруулахгүй л гэдэг юм. Би хүүхэд л юм чинь хүүхэд шиг л байгаасай гэж хүсдэг. Хүүхэд амьдарч буй нийгмээсээ тасарч болохгүй. Манай сургуулийн хүүхдүүд зах дээр очоод ажил хийгээд, өдөржингөө тэрэг түрээд “Ахаа эгчээ энэ тэргэн дээр гурилаа тавиарай” гээд тэрэг түрээд олсон мөнгөө хамт ажилласан хүүхдэдээ өгчхөөд ирдэг. Ирээд найзуудтайгаа үүнийг яаж шийдэх тухайгаа ярьдаг.

Манай сургууль улсын сургуультай олон талаар төстэй. Хичээлийн хоёр ээлжтэй, анги дүүргэлт ихтэй, бужигнаантай. Зарим хүн орж ирээд ийм замбараагүй сургуульд хүүхдээ оруулахгүй л гэдэг юм.

Би энэ үйл ажиллагаагаа бүтэн жил үргэлжлүүлнэ. Дахиад нэг жил үргэлжлүүлж ч магадгүй. Би сургууль бүр дээр тэмдэглэл хөтөлнө. Тохирох саналаа хамтарч хэлэлцэнэ. Жилийн дараа тэр захирал шал өөр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Би сургуулиуд дээр улиралд нэг удаа очно, тэдний төлөөллийг хагас жилд нэг удаа ирүүлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, өнөөдөр математикийн хоёр багшаа явууллаа гэж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.

Би өөрийнхөө багш нараасаа гуйчихсан. “Бид зөвхөн өмнөх хичээлээ хийхгүй шүү. Захирлыгаа уучлаарай, энэ миний амбиц биш шүү. Би хоёр дахь доктороо хамгаалж, нэр хүнд олох гэж яваагүй юм шүү. Сонгогдсон сургуулиас ирж буй багш нарыг дэмжээрэй. Би зөвхөн “Шинэ Монгол”-оор амьдралаа дуусгамааргүй байна. Шинэ Монголын Галаа мундаг багш байсан гэх нь чухал биш. Шинэ Монголын Галаа багш улсын сургуулийн төлөө явсан юм байна, бодлого боловсруулах гэж үзсэн юм байна” гэсэн түүх үлдээсэй гэж багш нартаа учирлаад хэлчихсэн.

Би гэхдээ яг бодлого болгоно гэдэгт одоогоор итгэлгүй байна./инээв/ Судалгаанд суурилж, яавал улсын сургуулийн менежментийг сайжруулж болох тухай эрдмийн ажил хийчихье. Эндээс зөвлөмж боловсруулаад, ямар бодлого байж болох тухай саналаа гаргая. Үүнийг сайн хэрэгжүүлчих юмсан гэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа