Covid-19
Б.Янжмаа: Хятадад дотоодын халдвар бүртгэгдээгүй 26 хонож байна
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Тэрбээр “Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 27,819,000 гаруй хүн өвчилж, 912 мянган хүн эндсэн байна. Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн хүний тоо 20 гаруй саяд хүрсэн байна.
Сүүлийн нэг хоногт 250 мянга гаруй шинэ тохиолдол, 4,800 гаруй нас баралт дэлхийн хэмжээнд бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Перу зэрэг улсууд тэргүүлж байна.
АНУ-ын хувьд 100 мянган хүн амд ногдох тохиолдол 1,935, нас баралт 100 мянган хүн амд 58 байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэг улсад 95,700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн.
ДЭМБ-д бүртгэгдсэнээр ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,363 шинэ тохиолдол, 120 нас баралт бүртгэгдлээ.
Харин БНХАУ-д 15 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Тус улсын эх газарт дотоодын халдвар бүртгэгдээгүй 26 дахь хоног болсон байна. Халдварын улмаас эмчлүүлж байсан өвчтөнүүдээс 19 нь эмнэлгээс гарсан бол эмнэлзүйн шинж тэмдэггүй 311 өвчтөнийг эмнэлгийн хяналт, ажиглалтад авсан байна.
БНСУ-ын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 176 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 161 нв хүн амын дундах халдвар бол 15 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
Япон улсад 710 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдлээ.” гэдэг мэдээлэл өглөө.