Энтертайнмент
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ
“Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг Испанийн “Барселона” багийн довтлогч Л.Месси тэргүүлжээ.
Өдгөө 33 настай Л.Месси 126 сая ам.долларын ашиг орлоготой ажиллажээ. Үүнээс 34 сая ам.долларыг тэрбээр зар сурталчилгаанаас олсон байна.
Жагсаалтын хоёрдугаарт Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду бичигдэж байна. Тэрбээр жилийн дотор 117 сая ам.долларыг олсон бөгөөд зар сурталчилгаанаас олсон орлого нь Мессигийнхээс 13 сая ам.доллароор илүү байжээ. Үүнээс гадна Францын “Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар 96 сая ам.доллароор гуравдугаарт, Килиан Мбаппе 47 сая ам.доллароор дөрөвдүгээрт тус бүр бичигдсэн байна.
Цаашлаад Английн “Ливерпуль” багийн довтлогч Мохаммед Салах (Египет, 37 сая ам.доллар), Английн “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Поль Погба (Франц, 34 сая ам.доллар), “Барселона” багийн довтлогч Антуан Гризманн (Франц, 33 сая ам.доллар),, Испанийн “Реал” багийн довтлогч Гарет Бэйл (Вэльс, $29 сая ам.доллар), Германы “Бавария” багийн довтлогч Роберт Левандовский (Польш, 28 сая ам.доллар), “Манчестер Юнайтед” багийн хаалгач Давид Де Хеа (Испани, 27 сая ам.доллар) нар жагсаалтад багтжээ.