Энтертайнмент
“Найман” гэж өөрийгөө нэрлэдэг Казахстаны тамирчин иргэдийг хүчирхийлэлд турхирсан хэргээр баривчлагджээ
Казахстаны холимог тулааны тамирчин, өөр өөр холбоодын тэмцээнүүдээс гурван удаа дэлхийн аварга цол хүртэж байсан Куат Хамитов иргэдийг хүчирхийлэлд турхирсан хэргээр баривчлагджээ.
Тэрбээр хэд хоногийн өмнө YouTube сүлжээнд коронавирусийн цар тахалтай тэмцэх уриалга гаргасан юм. Ингэхдээ тэр олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэж яваа ажилчдыг зориуд вирус тараагчид гэж нэрлээд тэднийг тааралдсан газраа чулуу, модоор цохиж, зодохыг хүмүүст уриалжээ.
Мөн агаараас халдваргүйжүүлэх бодис цацаж яваа нисэх онгоц, нисдэг тэргүүдийг буудаж унагахыг зөвлөсөн байна.
“Энэ бол ард түмний эсрэг зарласан дайн. Хэрвээ бид эдгээр хүмүүсийг зогсоож чадвал олон мянган хүний амийг аварна. Тиймээс би вирус халдаагчидтай бүх чадлаараа тэмцэхийг уриалж байна” гэж Хамитов ярьжээ.
Монголоос гаралтай казах овог аймгийн нэрээр өөрийгөө “Найман” гэж нэрлэдэг 32 настай Хамитов одоо төрөлх Алматы хотынхоо цагдаагийн газарт түр саатуулагдаад байгаа гэнэ.
Түүнд иргэдийг эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд турхирсан хэрэг тулган шалгаж байгааг цагдаагийн газар мэдээлжээ. Хамитов тараасан дүрс бичлэгээ хошигнол байсан гэж мэдүүлсэн гэнэ.
Хэрвээ түүний буруутайг тогтоовол гурван жил хүртэл шоронд хоригдох шийтгэл хүлээх ажээ.
Эх сурвалж: Russia Today