Орон нутаг
Г.Гантулга: Дархан-Уул аймгийн АН-ын хороо Ерөнхийлөгчид гомдол өргөн барина

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо орон нутгийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болсонтой холбоотойгоор тус намын хорооноос УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид гомдол өргөн барьж буй талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээллээ.
Дорнод аймгийн Чойбалсан сум болон Дархан-Уул аймаг дахь АН-ын хороо сонгуульд оролцох боломжгүй болоод байна. Тодруулбал, аймаг, орон нутгийнхаа Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлэн өгсөн ч Аудитын байгууллагаас хандивын дансыг нь баталгаажуулаагүй аж.
Энэ талаар Дархан-Уул аймгийн АН-ын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Гантулга, “Аймгийн АН-ын хорооноос мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад албан ёсоор хүргүүлсэн. Энэ үед хуульд заасны дагуу хандивын данс баталгаажуулах ёстой байсан ч аймгийн Аудитын байгууллагын дарга нар хэт улс төржиж баталгаа хүссэн хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнээс болж аймгийн Сонгуулийн хороо манай нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй болсон. Энэ байдлыг Сонгуулийн хороондоо дурдаад, Аудитын байгууллагын хууль бус үйлдлийг эсэргүүцэн аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүх хурал ч болсон. Шүүх хурлаар хэт нэг талыг барьж, МАН-ыг дангаар нь ялуулах бодлого баримталж байсныг нь тогтоосон. Аудитын байгууллага улс төржиж Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Аудитын байгууллагын мөрийн хөтөлбөр хариуцсан ажилтан нь ажлаа үнэнчээр хийсэн байхад баталгаажуулалт хүлээн авах хүн нь бүртгэж аваагүй, энэ талаар мэдэгдээгүй нь хууль бус үйлдэл. Аймгийн Аудитын байгууллагын дарга нь улс төржиж долоодугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн АН-ын хороо сонгуульд оролцохооргүй боллоо гэсэн утгатай мэдээллийг цахим орчинд тараасан. Тиймээс олон жил Дархан-Уул аймагт ноёлосон МАН-ын эрх ашгийг хамгаалсан төрийн албан хаагчид бий болсон гэж үзэж байна” хэмээв.
Тэрээр, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар зургаан зөрчлийн баримтыг аймгийн Сонгуулийн хороо болон цагдаа, тагнуулын байгууллагад мэдүүлсэн ч огт авч хэлэлцээгүй хэмээн мэдээлэлдээ тэмдэглэв. Төрийн албан хаагчид хэт улс төржиж нам, нэр дэвшигчдийн эрхэнд халдах нөхцөл байдал үүссэн тул УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид гомдол өргөн барьж байгааг мэдээллийн төгсгөлд дурдлаа.
