Нийгэм
Сүхбаатар дүүргийн цэрэг татлага 31 дүгээр сургуулийн байранд явагдана
Нийслэлийн хэмжээнд 2020 оны цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 25-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа.
Хуралд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Н.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн, хороон Засаг дарга нар, “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүд болон цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Хурлын эхэнд Цэрэг татлагын товчооны дарга Н.Энхболд цэрэг татлага зохион байгуулах байрны бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгасны дараа нийт бие бүрэлдэхүүнд хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө.
Цэрэг татах үйл ажиллагааг явуулахдаа зохих хууль, журмын хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулах, байрны орчинд нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадна талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарч ажиллах, үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллахыг даалгалаа.
Мөн цэрэг татлагын байранд амны хаалттай байх, ариутган халдваргүйжүүлэх ажлыг тогтсон хугацаанд хийх зэрэг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгов.
Цэрэг татлага дүүргийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн байранд явагдана.