Энтертайнмент
Ж.Харден багаасаа явахыг хүсч, Крис Пол Санс руу солигдлоо
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн чөлөөт агентын зах зээл өнөөдөр/2020.11.17/ албан ёсоор нээгдлээ. Энэ жилийн чөлөөт агентын зах зээлийн салхийг хагалж, Лос Анжелес Лэйкерс баг Деннис Шрёдерийг Оклахома Сити Тандер багаас Дэнни Грин болон драфтын эрхээр сольж авсан. Тэгвэл саяхан Финикс Санс баг туршлагатай холбон тоглогч, бүх одод Крис Полыг багтаа солилцоогоор авсан тухай баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд Крис Полын төлөө Оклахома Сити Тандер багт Рики Рубио, Келли Обри Жр болон 2022 оны драфтын нэгдүгээр тойргийн эрхээ өгчээ.
Үүнтэй зэрэгцэн Хьюстон Рокетс багийн супер од Жэймс Харден багаасаа явах хүсэлтэйгээ удирдлагууддаа мэдэгджээ. Тэрбээр Брүүклин Нетс болон Филадельфиа 76ers багууд руу солигдохыг илүүд үзэж байгаа гэнэ. Саяхан тус багийн өөр нэгэн супер од Рассель Уэстбрук мөн багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлсэн билээ. Ийнхүү Хьюстон Рокетс багийн удирдлагууд чухал шийдвэр гаргах боллоо. Тэд багийнхаа хоёр супер одыг хоёуланг нь явуулах уу? Эсвэл аль нэгийг нь хадгалж үлдэх үү?
Өнөөдрийн байдлаар Лос Анжелес Лэйкерс багийн тоглогчид болох Эвери Брэдли, Кентавиус Калдвелл Поуп, Ражон Рондо нар гэрээнийхээ сүүлийн жилүүдийг цуцалж, чөлөөт агент болж буйгаа зарлажээ. Аварга авч өөрсдийгөө баталсан тэдний хувьд илүү урт хугацааны өндөр дүнтэй гэрээ хүсч байгаа нь лавтай.