Covid-19
Халдвартай байцаагчийн хавьталд ГААЛИЙН МЭДҮҮЛЭГЧ нар багтаж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 633 хүнд шинжилгээ хийснээс нийслэлд зургаа, Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрч, өнөөдрийн /2020.12.11/ байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 905 боллоо. Үүнээс 473 хүн эдгэрч, клиникт 423 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Улаанбаатар хотоос шинээр нэмэгдсэн зургаан тохиолдлын дөрөв нь тусгаарлалтаас, хоёр нь “Амгалан” гаалийн ажилтан болон түүний хүүгээс илэрсэн бөгөөд халдвар авсан замыг төмөр зам дагуух голомт хэмээн үзэж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл халдвар авсан гаалийн ажилтны ойрын хавьтлаар одоогоор 60 гаруй хүнийг тогтоожээ. Эдгээр хавьтлууд дунд нэг өрөөнд хамтдаа суудаг гаалийн байцаагчаас гадна, гаалийн мэдүүлэгч нар, “Амгалан” өртөөнөөс карго авахаар ирсэн иргэд болон тус өртөөний талбайн ажилчид мөн багтсан байна. Тиймээс эдгээр иргэдийг мөн шинжилгээнд хамруулж, өртөөнд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, дээрх гаалийн байцаагч нь халдвар авснаа мэдээгүй явсан бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн эхээр Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн боомтод ажиллахаар томилолт аваад байжээ. Ингээд нийслэлээс гарч орон нутаг руу явахын тулд КОВИД-19-ын шинжилгээнд хамрагдсанаар ийнхүү халдвар илэрч, онош батлагдсан байна.