Covid-19
Амны хаалт аминд өлзийтэй
Цар тахлын халдвар Монголд 961 болж, халдвар өдөр өдрөөр нэмэгдээр л байна. Халдварын голомт алаг цоог байгаа энэ үед хүн бүхэн явах суухаа багасгаад, дэглэмээ бариад сурчихвал эрсдэлтэй газраар явсан ч халдвар авахгүй байх боломжтой. Мэр сэр амны хаалт зүүсэн нэр зүүж, эрүүн дээгүүрээ тохоод тамхилж байгаа залуусыг эс тооцвол бүгд л амны хаалт зүүгээд хэвшжээ.
Нүцгэн нүүр харахаар хувцасгүй явж байгаа аятай цочдог болж. Гадаа идэр ес эхлэх жавар тачигнасан өдрүүдэд бид өмнө нь өвлийг “нүцгэн нүүр”-ээрээ л давдаг байсан. Өөрөөр хэлбэл нүүрсний утааг ямар ч шүүлтүүргүйгээр уушги руугаа юүлдэг байв. Сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн төүүдээр амьсгалын замын халдварт өвчин томуу, томуу төст өвчнөөр энэлсэн хүүхдүүд дүүрч, шал, хонгилоор нэг зулсан эмгэнэлт дүр төрх давтагддаг байв. Гэтэл энэ жил энэ байдал хумигдаж амны хаалт, дэглэм, хөл хорио, цар тахлын “буянаар” уушгины хатгаагаар эндэх хүүхдүүдийн тоо эрс буурав.
Цаашид өдөр тутамдаа ариун цэвэр, халдвар хамгаалалтаа мөрдөөд заншчихвал аюулын харанга дэгдээд буй сүрьеэ өвчний тоо ч буурах юм. Хэдийгээр түүхий нүүрсний хар манан шингэрсэн боловч сайжруулсан түлшний хүхэрлэг хий хор хөнөөлөө чимээгүйхэн өгсөөр буйг бид мартаж болохгүй. Хүхэрлэг хийн хэмжээ түүхий нүүрс түлдэг байсан үеийнхээс 4.4 дахин өссөн гэсэн мэдээ баримт бий. Тиймээс бид л өөрсдийгөө хамгаалж амны хаалтаа зүүж явбал аминд өлзийтэйг сануулах юун.