CRI Монгол радио
Хятад улс цагаан сараар иргэддээ аяллаас татгалзаж, олноор цуглахгүй байхыг зөвлөлөө
Хятад улс иргэдээ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарын баяраар аль болох аялахгүй байх, орон нутаг дахь гэр лүүгээ харихгүй байхыг зөвлөлөө.
Үндэсний эрүүл мэндийн комиссын орлогч дарга Зэн Ишин “Иргэд баярын амралтын өдрүүдэд ажиллаж амьдарч байгаа хотдоо үлдэж, гэр лүүгээ харихгүй байхыг зөвлөж байна” гэжээ.
Түүнчлэн тэрбээр шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, аль болох цахим дэлгүүрээр үйлчлүүлж байхыг анхаарууллаа.
Дээрх зөвлөмжийг тус улсын зарим хэсэгт Covid-19-ийн шинэ халдварын тохиолдлууд илэрсэнтэй холбоотойгоор гаргасан байна.
Тус улсын Жэзян мужийн зарим ААН гэр лүүгээ харихын оронд ажил дээрээ үлдэхээр шийдсэн ажилчдадаа дугтуйтай мөнгө бэлэглэжээ. Харин гэр лүүгээ буцсан ажилчдыг эргээд ирэхдээ коронавирусийн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.
Зарим хотод 10-аас доош тооны хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх ба иргэдээ аль болох цахимаар болон утсаар холбогдож мэндчлэхийг анхаарууллаа.
Хятадын цагаан сарын баяраар дунджаар 407 сая зорчигч төмөр замаар аялдаг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн онд цагаан сарын баярын дараа Хятадад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн юм.
Эх сурвалж: CGTN