Дэлхий
“Модерна” компанийн захирал: Covid-19 бидний дунд үүрд үлдэнэ
Covid-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Модерна” компанийн захирал энэ өвчин бидний дунд мөнхөд орших болно гэжээ. Тус компанийн ерөнхий захирал Стефан Бансель “Covid-19 эндемик болж, SARS-CoV-2 вирус устаж үгүй болохгүй. Бид энэ вирустэй үүрд хамт амьдарна гэж бодож байна” хэмээн лхагва гарагт болсон JPMorgan Healthcare чуулганы үеэр хэлсэн байна.
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд Covid-19-ийг эндемик өвчин болж үлдэх өндөр магадлалтай гэжээ. Энэ нь уг өвчин одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад доод түвшинд байх ч нийгэмд үргэлж оршин тогтносоор байна гэсэн үг юм байна.
(Эндемик гэдэг нь тодорхой бүс нутагт алга бололгүй оршиж байдаг өвчнийг хэлдэг байна. Жишээ нь, Энэтхэгт гардаг холерийг /булчин задрах өвчин/, Африкийн хумхаа өвчнийг эндемикт хамаатуулж үздэг.)
Түүнчлэн Стефан Бансель “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд вирусийн шинэ хувилбарыг байнга тандан судалж байх нь эрдэмтдэд вакцин гарган авахад тустай” гэж хэлсэн байна. Одоогоор Pfizer болон BioNTech компанийн хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакцин нь Их Британи болон Өмнөд Африкт илэрсэн вирусийн мутацад орсон шинэ хувилбараас хамгаалах чадвартай гэдгийг судлаачид нь мэдэгдсэн.
Харин “Модерна” компанийн вакциныг АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газраас 18-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд одоо насанд хүрэгчдийн биеийн дархлааны тогтолцооноос өөрөөр хариу урвал үзүүлж болох хүүхдүүдийн дунд вакцины судалгаа хийх шаардлагатай байгаа гэжээ.
Эх сурвалж:CNBC