Нийгэм
Турк улстай чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо энэ сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
Хатагтай Гонжа Йылмаз Батур “Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол, Туркийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох бөгөөд урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, Монголын чөлөөт бүсэд ложистикийн төв байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг эхлүүлэх ач холбогдолтой” гэв.
Харин Элчин сайд Р.Болд “Чөлөөт бүсээр дамжуулан экспортод түшиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах, хөрш орнуудын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох зэрэг хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт найдаж буй” хэмээв.
Турк Улс нь 1987 оноос хойш 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 18 чөлөөт бүсийг байгуулж, эдгээрт хоёр мянга орчим аж ахуйн нэгж, үүнээс 500 орчим нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.