CRI Монгол радио
Хонконгт COVID-19-ийн тархалт эрс буурчээ
МИАТ ТӨХК-ийн Хонконг дахь төлөөлөгчийн газраас ирүүлсэн коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. Хонконгт энэ сарын 22-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд эхний ээлжид БНХАУ-ын SINOVAС вакциныг хийж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 157,000 гаруй хүн вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэх захиалгыг онлайнаар өгчээ. Эхний ээлжид вакцинд хамрагдах хүмүүсийн захиалгын дарааллыг дараах байдлаар эрэмбэлсэн байна. Үүнд:
60 болон түүнээс дээш насныхан,
Цар тахалтай тэмцэж буй эрүүлийг хамгаалах салбарынхан,
Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчид,
Засгийн газрын олон нийтийн эрсдэлтэй үйлчилгээний ажилчид,
Хил хоорондын тээвэр болон хил нэвтрэх үйл ажиллагаатай холбоотой ажилчдыг дархлаажуулалтад хамруулах аж.
Вакцинжуулалт эхэлснээс хойш 27,000 хүн вакцинд хамрагдаад байна. Цаашид вакцинжуулах төвүүдийг нэмэгдүүлэх, хувийн клиник эмнэлгүүдэд вакцин тарааж 3 дугаар сарын 15-ны өдрөөс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар Хонконгийн хилээр нэвтрэх хориг тусгаарлалтад өөрчлөлт ороогүй, харин хилээр нэвтэрч байгаа зорчигчдын тусгаарлалт, үйл ажиллагааны хяналтыг улам чангатгах чиглэл өгсөн байна.