Бидэнтэй нэгд

Нийгэм

Прокурор Ц.Насанбат болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар бодит байдалд нийцэхгүй олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Уг нэхэмжлэлийг татан авсан гэх асуудлаар шуугиан дэгдэж, тэр нэхэмжлэлийг хэн татан авсан бэ гэдэг таавар, хардлага, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн энэ асуудлыг тодруулах шаардлага тавьж өлсгөлөн хүртэл зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нэхэмжлэл татан авсан төрийн албан хаагчийг олж, мэдээлнэ” гэдгээ зарласан. Энэ бүх үйл явдалд Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын нэрийг холбогдуулж, Монгол Улсын төрийн тэргүүн УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийгээд амжсан бол эрхэм гишүүн өөрийг нь гүтгэсэн нэхэмжлэл, мэдээлэл гаргаж байгаа гэдгийг албан ёсоор зарласан. Тэгвэл саяхан Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагаар энэ бүх шуугианы ард Монгол Улсын Засгийн газар бус харин прокурорын байгууллага байгаа болох нь тодорхой болоод байна. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Монгол Улсад явагдаж байгаа Сү.Батболд болон нэр бүхий иргэн, компаниудад холбогдох иргэний хэрэгт түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч Д.Батсүх, З.Сүхбаатар нартай ярилцлаа.

-Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэл мэдээллийн хэрэгсэлд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар ярилцлага нийтлүүлсэн. Тэрээр ярилцлагадааУИХ-ын гишүүн С.Батболдыг оффшорын хэрэгт шалгаж байгаа гэх ойлголтыг олон нийтэд өгсөн байсан. Та бүхэн үүнд хариулт өгөхгүй юу?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Ц.Насанбат прокурорын уг ярианд тайлбар хийхийн өмнө хуулийн зохицуулалт бий болсон талаарх нэгэн түүхийг эргэн санахад илүүдэхгүй байх. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сард нэг том өөрчлөлт орсныг манайхан оффшор гэх нэр томъёогоор нь маш сайн мэдэх болсон. Энэ өөрчлөлтөөр тус хуулийн үйлчлэлд хамаардаг төрийн болон бусад нийтийн албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор хуульчилсан.

Хуульд шинээр орсон өөрчлөлттэй холбоотойгоор тухайн үед төрд ажиллаж байсан бүх албан тушаалтанд хэрвээ оффшор бүсэд данстай бол дансаа хаалгах, мөнгөн хөрөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байгаа бол түүнийгээ худалдах, бусдад шилжүүлэх, хуулийн этгээд байгаа бол үйл ажиллагааг нь зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох гурван сарын хугацааг хуулиар олгосон. Хэрвээ хуулиар тогтоосон энэ шаардлагыг зөрчвөл төрийн албанаас халах хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан. Би яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхээр нэгдүгээрт,  энэ хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллага бус харин АТГ хяналт тавьдаг, хоёрдугаарт энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш өнөөдрийн өдрийг хүртэл хугацаанд С.Батболд гэдэг хүн энэ хуулийн шаардлагыг зөрчсөн гэх асуудлаар АТГ-аас ямар нэгэн шаардлага тавьсан, хариуцлага тооцсон үйл явдал болоогүй. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн С.Батболд нь оффшор бүсэд хөрөнгө, хуулийн этгээдтэй байхыг хориглосон хуулийн шаардлагыг чанд баримтлаж, түүнийг огт зөрчөөгүй гэсэн үг. Тиймээс прокурор Ц.Насанбат “ Эрүүгийн хэрэг байхгүй нь үнэн. Гэхдээ оффшорын асуудал тусдаа” гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл юм.

-Ц.Насанбат прокурорын ярилцлагад АТГ-аас гадаадын байгууллагуудтай хамтран шалгаж УИХ-ын гишүүн С.Батболдын нэр дээрх хөрөнгө, компаниуд гадаад улс, зарим оффшор бүсэд байсан гэж баримтаар маш тодорхой тайлбарласан шүү дээ. Мөн ЕТГ-ын дэд дарга Б.Саруул нэвтрүүлэг бэлтгэн хоёр телевизээр гаргасан?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Бид Ц.Насанбат прокурорын ярилцлагыг болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлгийг нухацтай судлан үзсэн. Тэдний ярилцлага болон нэвтрүүлэгтээ дурдсан мэдээллүүдээ баримтаар нотлохыг тэднээс шаардана. Мөн бидний зүгээс ч түүний энэ ярианд болон нэвтрүүлэгт дурдагдсан хөрөнгө, компаниуд нь бидний үйлчлүүлэгчид хамааралгүй болохыг нотлох тайлбар, баримтаа шүүхэд гаргаж өгөх болно. Ц.Насанбат прокурор яриандаа АТГ-ын нэрийг ашигласан нь өөрийнхөө худал тайлбарыг үнэн юм шиг харагдуулах зорилготой санаатай үйлдэл гэж бид харж байгаа. Үүнийг нотлох тодорхой жишээ бол түүний хэлсэн “Эрүүгийн хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гадаадаас авахын тулд мөрдөгчийн даалгавар, хүсэлт бичдэг юм” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө яриаг худал гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Та бүхэн санаж байгаа бол манай иргэд ч мөн сайн мэдэж байгаа нэг зүйл бол Ц.Насанбат прокурор ярилцлага өгөхөөсөө 20 гаруй хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг байхгүй” гэсэн мэдээллийг өөрөө өгсөн. Хууль зүйн хувьд эндээс дүгнэлт хийвэл ямар нэгэн эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байгаа тохиолдолд гадаад улсаас нотлох баримт авахаар АТГ-ын мөрдөгч даалгавар бичих хууль зүйн үндэслэлгүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Прокурорын байгууллагын зүгээс гадаад улсаас нотлох баримт цуглуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зөвхөн Эрүүгийн хэргийн тухайд л яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гадаад улстай харилцах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Гадаад улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж, гадаад улстай эрүүгийн хэргийн талаар харилцах, журам, эрх бүхий этгээдийн талаар Прокурорын тухай хуульд тодорхой зохицуулсан бапрокурор гадаад улстай харилцахдаа хувийн байгууллага, хувь хуульчтай биш харин ижил түвшний болон тухайн улсын төрийн эрх бүхий байгууллагуудтай харилцах ёстой.

 

Монгол Улсыг төлөөлөн гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх прокурорт олгогдоогүй

-Ц.Насанбат прокурор ярилцлагадаа “…С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой олон баримт зүйл байгаагаас дөрвөн зүйлийг дурдъя…” гээд дөрвөн асуудлыг онцлон ярьсан байдаг.Та бүхэн нэг зүйлийг тодруулж өгөөч?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Юуны өмнө түүний наад хэлсэн үгэн дэх нэг зүйлийг маш сайн анхаарах ёстой. Энэ бол “С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой” гэсэн үг бол хууль зүйн хувьд их нарийн агуулга, ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт, “байж болзошгүй” гэсэн түүний үг бол энэ асуудал тогтоогдоогүй гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт, “С.Батболд гадаад улсад нуугдмал хөрөнгө эзэмшиж байгаа” гэдгийг хэн тогтоох вэ гэхээр зөвхөн шүүх л тогтооно. Тийм ч учраас прокурор Ц.Насанбат төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийг нь шүүх шийдвэрлээгүй байгаа.

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Нэг зүйлийг тодруулахад таны асуултад дурдагдаад байгаа асуудлыг үнэмшилтэй болгож харагдуулахын тулд Ц.Насанбат прокурор гадаад улсын шүүхийн нэрийг ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр баримтуудыг тухайн улсын шүүхийн журмаар гаргуулан авсан баримт мэтээр тайлбарласан нь хуульч хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа. Угтаа бол тэр яриад байгаа баримтуудын зарим хэсгийг гадаад улсын шүүхэд Ц.Насанбатын олгосон зөвшөөрлөөр нэхэмжлэл гаргаад байгаа “King and Spalding” ХХН-ийн хуульчид нэхэмжлэлдээ хавсарган өгсөн баримтууд юм билээ. Ц.Насанбат прокурорын яриад байгаа улсуудын шүүх хүлээн авсан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд, хэргийн оролцогчдын гарган өгсөн хүсэлт баримтууд, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс гарсан шийдвэр зэргийг бүхэлд нь цахим хуудсанд байршуулдаг. Тийм ч учраас шүүхийн цахим санд тэдгээр баримтууд байршсан бөгөөд энэ нь тухайн баримтыг шүүхийн журмаар гаргуулан авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь иргэний хэргийг шийдвэрлэхэд шүүх төдийлөн оролцоод байдаггүй, маргалдагч талууд гаргаж байгаа нэхэмжлэл, тайлбарынхаа үндэслэлийг өөрсдөө нотлох зарчим үйлчилдэг. Түүнчлэн иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн тал болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах эрх огт байхгүй. Учир нь прокурор болон хэргийн бусад оролцогчид иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд адил, тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчмаар оролцдог. Эрүүгийн хэргийн тухайд ямар журам үйлчилдэг талаар З.Сүхбаатар өмгөөлөгч дээр тодорхой тайлбарласан. Ц.Насанбат прокурор хөрөнгө царцаах ажиллагааг гадаад улсуудад явуулах ажиллагаа нь Монгол Улсын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлтэй холбоотой гэж мэдэгдсэн. Уг нь бол манай улсын хууль тогтоомжид иргэний хэргийн талаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгааг хангах ажиллагааг хэрхэн явуулахыг тодорхой зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр “хөрөнгө царцаах” гэдгийг манай улсын хуулиар бол эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах аргаар хэрэгжүүлдэг. Манайулсын аль нэг шүүхээс ийм ямар нэгэн шийдвэр гараагүй. Мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухай улсын зохих эрх бүхий байгууллагадхандаж болдог. Тэгэхээр хуулийн зарчим бол хувийн байгууллагад, хувь иргэнд хандаж болохгүй гэдгийг тодорхой хэлж байгаа. Түүнчлэн Прокурорын тухай Монгол Улсын хуулийн 42.1-д зааснаар прокурорын шүүхэд төрийг төлөөлөх эрх зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих хуультай.

-Баримтууд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Та бүхэн ярихдаа Монгол Улсын АТГ-аас гаргаагүй, гадаад улсын шүүхийн журмаар гаргуулаагүй гэлээ. Тэгвэл энэ баримтуудыг хэн хаанаас цуглуулаад, олж аваад байгаа юм бэ?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-“King and Spalding” ХХН-ийн хуульчдын гадаад улсын шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо “…Би Монгол Улсын Засгийн газрын (Монгол Улсын Ерөнхий прокурор болон Авлигатай Тэмцэх Газар ,(“АТГ”) заавраар уг асуудлаар гурван нэхэмжлэгчдийг: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (“Агентлаг”), Эрдэнэт үйлдвэр (“Эрдэнэт”), болон Эрдэнэт Оюу толгой ХХК (“ЭОТ”, хамтад нь “Нэхэмжлэгчид”) төлөөлөн оролцож байгаа болно. Би нэхэмжлэгчийн өмнөөс уг мэдээллийг гаргах эрх бүхий болно…” гэж тайлбарласан байдаг. Аль ч улсын шүүх хуульчаас шүүхэд гаргаж байгаа мэдээлэл бол маргашгүй үнэн зөв, бодитой мэдээлэл байхыг шаарддаг. Тус хуулийн фирмийн гадаад улсын шүүхэд гаргаж байгаа мэдээлэл, тэдгээрт хамаарах баримтуудыг цуглуулах ажиллагааг манай прокурорын байгууллага гадаадын хувийн мөрдөх байгууллагаар хийлгэжээ гэж бид үзэж байгаа. Монгол Улсын Прокурорын байгууллага өөрийн улсын иргэнийг гадаадын хувийн мөрдөх байгууллага хөлслөн мөрдүүлсэн нь тогтоогдвол Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд заасан хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

-Та энэ хууль бус үйл ажиллагаа гэдгийг дахин тодруулж өгөхгүй юу?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Прокурорын тухай хуульд зааснаар прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримтлах зарчмыг тусгасан. Энэ зарчмын хүрээнд прокурор нь явуулж буй бүхийл үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бүх хуулийг чанд баримтлах үүрэгтэй. “King and Spalding” ХХН-ийн хуульчдаас гадаад улсын шүүхүүдэд гаргаж байгаа нэхэмжлэлүүд нь бүгд иргэний хэрэг маргааны төрөлд хамаарч байгаа. Үүнийг Ц.Насанбат прокурор ярилцлагадаа “…Одоогоор С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүн, хуулийн этгээдэд холбогдох эрх, сэргээх нэхэмжлэл, гадаад улс дахь өмч хөрөнгийг далдлах, бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхээс сэргийлэх зорилго бүхий хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд … явагдаж байгаа…” гэж хүлээн зөвшөөрсөн байгааг та анзаарсан байх. Тэгвэл прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцох эрх зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт, Монгол Улсын шүүхэд хэрэгжих хуулийн зохицуулалттай. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх”-ээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг Монгол Улсын шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэлийг Прокурорын тухай хуульд “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, “Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт … шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.”гэж тус тус хоёрдмол утгагүйгээр маш тодорхой зохицуулсан. Эдгээр хуулийн зохицуулалтаар прокурор гадаад улсын шүүхэд Монгол Улсын төрийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах, энэ асуудлаар төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх, зөвшөөрлийг гадаад улсын хувийн байгууллага, иргэнд олгох хууль зүйн үндэслэлгүй болох нь хэнд ч ойлгомжтой, тодорхой асуудал юм. Гэтэл прокурор Ц.Насанбат хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг гадаад улсын хувийн байгууллага, хувь хуульчид олгосныг хууль бус гэж үзэхээс өөр аргагүй юм.

-Тэгвэл тус ярилц­лагад “Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажил­лагаанд орол­цох эрхтэй” гэж тайлбарласныг юу гэж үзэх вэ?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Нэгдүгээрт, энэ тайлбар нь прокурор гадаад улсын шүүхэд Монгол Улсын төрийг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэлийн талаар Д.Батсүх өмгөөлөгч сая тодорхой тайлбарласан. Хоёрдугаарт, иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль нь илүү нарийвчилсан зохицуулалттай хууль. Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй байхад төрийн байгууллагын хүсэлтгүйгээр Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Хуулийн энэ шаардлагыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэдгээ Ц.Насанбат прокурор мэдэж байгаа учраас ярилцлагадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн зохицуулалтыг эш татахаас зайлсхийсэн байж болох юм.

-Та бүхний ярьж байгаачлан төрийн байгууллага хүсэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авч болдог юм уу.  Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол та нарын зүгээс энэ асуудлыг яагаад шүүхэд тавиагүй юм бэ?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Уг нь бол шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх зэргийг хянан үзээд, хэрвээ нэхэмжлэл гаргах эрхгүй, эсхүл нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзвэл иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргасан этгээдэд буцааж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байгаа зөрчил, түүнийг хэрхэн залруулахыг шийдвэртээ зааж өгдөг. Шүүх яагаад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн талаар бид одоогоор тайлбар өгөх боломжгүй. Харин Ц.Насанбат прокурор нэхэмжлэл гаргах эрхбүхий этгээд мөн эсэх, нэхэмжлэлд нэр заасан бусад гурван этгээд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх асуудлаар маргах эрх бидэнд нээлттэй хэвээр байгаа. Бид энэ асуудлын талаар өнөөдрийн өдөр хүртэл хугацаанд яагаад шүүхэд хандаагүй вэ гэдэг дээр бас л эрхэм прокурорын хууль бус үйлдэл нөлөөлсөн.Бидний үйлчлүүлэгч С.Батболд нарын 14 хүн, хуулийн этгээдэд холбогдуулан Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, прокурор Ц.Насанбат нарын дөрвөн этгээдийг нэрлэн заасан боловч нэхэмжлэлд ганцхан Ц.Насанбат прокурор гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэлд дурдсанаар хавсаргасан нотлох баримтын жагсаалтын 4-т Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Нийслэлийн прокурорын газарт хандан гаргасан төрийн ашиг сонирхлыг төлөөлж оролцуулах хүсэлт гэж заасан байдаг. Гэтэл шүүхэд гарган өгсөн баримтад ийм баримт үнэхээр байгаа эсэхийг бид үзэх, танилцах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь прокурор Ц.Насанбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан дөрвөн хавтас бүхий баримтуудад төрийн нууцын “маш нууц”-ийн зэрэглэлийн тэмдэг дарсан байсан. Шүүх төрийн нууцад хамаарах баримт тул Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр танилцуулна гэдэг шалтгаанаар нотлох баримтыг танилцуулахгүй байсан. Ингээд удаа дараа хүсэлт, гомдол гаргасны үндсэн дээр шүүх Ц.Насанбат прокурорын гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд нь төрийн нууцад хамаарах эсэх асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсны дараа нэхэмжлэлд хавсаргасан баримттай танилцуулахаар болсон. Шүүхээс хоёрдугаар сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан талаар мэдэгдсэн. Бид хоёрдугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай урьдчилсан байдлаар танилцсан. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч гэж нэрлэн заасан гурван этгээд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас өөрсдийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Насанбат прокурорт олгосон итгэмжлэл, төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргасан гэх баримт байгаагүй. Мөн ийм хүсэлтийг тухайн байгууллагуудаас олгоогүй гэдгээ бидэнд удаа дараа нотлон илэрхийлээд байгаа.

-Төрийн нууцтай холбоотой сая та бүхний ярьсан асуудлаар Ц.Насанбат прокурор “…Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд хандан прокуророос тодорхой мэдээлэл хийгээгүй нь шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны байх зарчимыг баримталж ирсэнтэй холбоотой…” гэсэн тайлбар хийсэн байдаг.Түүний ярианаас харахадэдгээр баримтуудад “маш нууц” гэдэг тэмдгийг өөр хэн нэгэн эрх мэдэлтэн дарчихсан гэж ойлгогдохоор байгаа?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Түрүүн би хэлсэн нэхэмжлэлд Ц.Насанбат прокуророос өөр хүний гарын үсэг зурагдаагүй байгаа. Нэхэмжлэлийг тэрээр өөрөө шүүхэд гарган өгсөн. Тиймээс нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудад Ц.Насанбат прокуророос өөр “маш нууц” гэсэн тэмдгийг дарах хүн байхгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Түүний ярьсан дээрх зүйл бол зөвхөн хариуцлагаас мултрах гэсэн явуургүй арга л гэж бодож байна. Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудад “маш нууц” тэмдэг дарснаар хэргийн бусад оролцогчдыг бодитой тайлбар, мэдээлэл гаргах боломжийг зориуд хязгаарласан санаатай үйлдэл гэж бид үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг түүний эрх олгосон гадаад хуульчид гадаад улсын шүүхүүдэд гаргаж байгаа мэдээлэл, тайлбартаа манай үйлчлүүлэгчийг зарим асуудлаар тайлбар хийхгүй байгаа нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа мэтээр урвуугаар ашиглах болсон. Үүнийг ч Ц.Насанбатын ярилцлагадаа дурдсан “…гадаад улсын шүүхүүдэд ил болсон эдгээр үйл баримтад өөрийгөө хамааралгүй болохыг нотолсон тайлбар гаргаж өгсөн, эсэх талаарх баримт мөн тухайн хуудсанд өнөөдрийг хүртэл харагддаггүй…” гэсэн тайлбар баталж байгаа.

Прокурор Ц.Насанбат нь нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудад “маш нууц” гэсэн тэмдэг дарж, нотлох баримтуудтай хэргийн бусад оролцогчид танилцах, холбогдох тайлбар, мэдээллийг өгөх боломжгүй байдлыг зориуд бий болгосон. Түүнчлэн зарим баримтууд өнөөдрийг хүртэл  “маш нууц” хэвээр байна. Төрийн болон албаны нууцтай холбоотой харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар төрийн нууцад хамаарах мэдээлэл нь “онц чухал нууц”, “маш нууц” гэсэн хоёр зэрэглэлтэй байдаг. “Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг “маш нууц” зэрэглэлд хамааруулдаг. Ямар баримтыг маш нууц зэрэглэлд оруулахыг Засгийн газар шийддэг. Гэтэл Ц.Насанбат нь өөрт байгаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “маш нууц” тэмдгийг нууц биш баримтад дарж хэрэглэн, хууль зөрчсөн. Энэ асуудлыг бид зохих байгууллагуудад нь тавьж шалгуулах болно.

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Монголд явагдаж байгаа иргэний хэргийн ажиллагаа, шүүхэд ирсэн баримтаа нууцлаад эхэлсэнтэй холбоотойгоор гадаад улсуудад явагдаж байгаа АНУ-ын Нью Йоркын мужийн дээд шүүхийн ажиллагаанаас бусадшүүхийн ажиллагаанууд манай үйлчлүүлэгчийн оролцоогүйгээр явагдсан. Гадаад улсад нэхэмжлэл гаргасан хуульчид нь хэргийг яаралтай шийдүүлэх хүсэлтүүдийг гаргаж хуралдуулсан байдаг. Үүнийг улмаас манай үйлүүлэгч тухайн шүүхүүдэд ямар нэгэн мэдээлэл өгөх, тайлбар гаргах бололцоогүйгээр шүүхийн ажиллагаанууд явагдсан юм билээ. Нэг талын мэдээлэл, тайлбарт үндэслэж явагдсан шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарах нь ойлгомжтой шүү дээ.

-С.Батболд болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой хөрөнгүүдийг битүүмжлэх асуудлаар гадаад улсын шүүхэд хандаж байгаа асуудал нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд хийгдэж байгаа гэх Ц.Насанбат прокурорын тайлбарыг та бүхэн юу гэж үзэж байна. 

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Ц.Насанбат прокурорын яриандаа эш татсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын “Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ” гэсэн 53 дугаар зүйлд “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан байж болох эд хөрөнгийг өмчлөх эрх буюу өмчлөлийг тогтоох зорилгоор” гэж заасныг анхаарах ёстой. Тодорхой хэлбэл конвенцын энэ заалтын хүрээнд гадаад улсад иргэний нэхэмжлэл гаргахад хөрөнгийг нь царцаах гэж буй этгээд тухайн улс дахь эд хөрөнгийголохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх шаардлагатай. Тэгвэл бидний үйлчлүүлэгч болон хариуцагчаар татагдаад байгаа гадаад улсын иргэдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхгүй, тэр ч битгий хэл эрүүгийн ямар нэгэн хэрэгт шалгаагүй болохыг эрхэм прокурор маань өөрөө баталж хэлсэн шүү дээ. Тэгсэн атлаа гэмт хэрэгт хамааралтай конвенцын заалтыг эш татан мэдээлэл өгөөд байгааг та бүхэн анзаарсан байх.

-Ц.Насанбат прокурорын ярилцлага болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлэгт С.Батболд гишүүний маш өндөр үнэтэй, олон хөрөнгө гадаад улсад байгаа гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр байгаа. Энэ асуудалд тодорхой тайлбар хийх боломжтой юу?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Энд нуугаад байх зүйл байхгүй шүү дээ. Манай үйлчлүүлэгчийн хувьд улс төрийн албан тушаалтны хувиар хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг жил бүр хуульд заасан журмын дагуу гарган өгдөг. Нэг зүйлийг үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс батлан хэлэхэд Ц.Насанбат прокурорын ярилцлага, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлэгт дурдагдаад байгаа болон бусад оффшор бүсийн жагсаалтадбагтсан гадаадын улс, орнуудад С.Батболдын нэр дээр бүртгэлтэй нэг ч хөрөнгө, хуулийн этгээд байхгүй. Энэ талаарх баримт бидэнд хангалттай байгаа. Ц.Насанбат прокурор ярилцлагынхаа гарчгийг “С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа” гэж өгөөд яриандаа яг энэ агуулгаар хэд хэдэн удаа давтан ярьсан нь таны асуултад дурдсанчлан олон нийтийн анхаарлыг татаж төөрөгдүүлэх гэсэн санаатай үйлдэл гэж үзэж болох юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруулын бэлтгэн нийтэд хүргэсэн нэвтрүүлэгт дурдсан зарим мэдээлэл нь аль 10, 15 жилийн өмнө болсон үйл явдал, тэр үед байсан баримтуудыг өнөөдөр хэвээр байгаа мэтээр тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

-Тэгвэл Ц.Насанбат прокурорын яриад байгаа дөрвөн асуудал болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруулын яриад байгаа хөрөнгүүдтэй холбоотой баримтууд хуурамч гэсэн үг үү?

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Тэдгээр баримтыг бүгдийг үгүйсгэж болохгүй л дээ. Аливаа гүтгэлэг бодитой болсон үйл явдал, баримтуудыг мушгин гуйвуулах аргаар хийгддэг.Үүний л нэг сонгодог жишээ бидний үйлчлүүлэгч дээр үүсээд байгаа. Аль тав, арван жилийн өмнө байсан баримт, үйл явдлыг өнөөдөр гаргаж ирээд бидний үйлчлүүлэгчийг гүтгэх баримт болгон ашиглаад байгаа юм. Нэг энгийн жишээ хэлье. Та бид хоёр дотно сайн найзууд гэж бодъё, арван жилийн өмнө би өөрийнхөө орон сууцыг чамд худалдаад мөнгийг нь авчихсан, тэр орон сууц өөрийн чинь өмчлөлд бүртгэгдсэн байтал өнөөдөр хэн нэгэн намайг буруутгаад надаас худалдаж авсан өөрийн чинь эзэмшилд байгаа хөрөнгийгбулааж авна гэж байж болох уу.  Маш товчхондоо ийм л үйл явдал болоод байгаа юм даа. Тухайн үед гадаадын улс, орнуудад С.Батболдын өмчилж байсан хөрөнгө, компаниуд нь бүгд эх үүсвэр нь тодорхой, холбогдох тайлан, мэдээлэлд тусгагдаж, хуулийн хүрээнд  бусдад худалдагдаж, шилжүүлэгдсэн юм билээ. Мэдээж шаардлагатай бол энэ бүх баримтыг бид шүүхэд гаргаж өгөх болно. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул болон Ц.Насанбат прокурор нарын дурдаад байгаа тэр өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь гадаадын иргэн, хуулийн этгээдийн өмч гэдэг нь тэд өөрсдийнхөө яриагаар хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин тэдгээр гадаадын иргэн, компанийн ард С.Батболд байгаа гэж хүмүүст итгүүлэхийг оролдоод байгаа юм. Компанийн эцсийн өмчлөгч буюу бенефициар эзэмшигч гэдэг бол тухайн компанийн эцсийн ашгийг хүртэгчийг хэлдэг. Тэгвэл тэдгээр өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч компанийн ашгийг С.Батболд хүртдэггүй харин өөр гадаадын иргэн, хуулийн этгээд болохыг бид баримтаар хангалттай нотлох болно.

-Тэгэхээр гадаад иргэн, компанийн хөрөнгийг ингэж хамаагүй царцааж болох юм уу, үүнээс үүдээд ямар үр дагавартхүргэж болох вэ?

Өмгөөлөгч З.Сүхбаатар:

-Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар, нэхэмжлэлд нэр дурдагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК анхаарч нэн даруй арга хэмжээ авахгүй бол хэн нэгэн хариуцлагагүй прокурорын албан тушаалаа хэтрүүлсэн үйлдлийн улмаас тэдгээр байгууллагуудад эдийн засгийн ноцтой хохирол учрах хууль зүйн эрсдэл бий болчихоод байгаа. Энэ юу вэ гэхээр аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх (Ц.Насанбат прокурорын ярьснаар хөрөнгө царцаах), тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг. Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Манай улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-т ч энэ асуудлыг тодорхой зохицуулсан байдаг. Прокурор Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Кинг энд Спалдинг интернэйшнл ХХН-ийн хуульч Сара Я Уокерт “…Монгол Улсын хилийн чанад дахь өөр улсын харьяалалд байршилтай эсхүл тухайн улсын харьяалалд эзэмшиж байсан, бусад төрийн холбоо хамааралтай бүхий л хөрөнгийг битүүмжлэх, бусад арга хэмжээг авахуулах захирамжийг холбогдох бүхий л шүүхэд гаргуулахаар хандах чиглэлийг танд урьд харилцан тохиролцсон гэрээний дагуу өгч байна. Хэрэв эдгээр бусад улсын харьяаллын аль нэг шүүх битүүмжлэх захирамжийг гаргах үндэслэлгүй байсны улмаас хохирол учирсан болохыг хожим тогтоож, тухайн хариуцагч эсхүл гуравдагч этгээдэд хохиролыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд, Нэхэмжлэгч талууд энэ талаар тухайн шүүхийн гаргаж болох аливаа захирамж, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буйг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс би баталж чадна. Дээр дурдсан ёсоор хөрөнгө битүүмжлэх, арга хэмжээг авахуулахаар холбогдох шүүхэд хандахдаа учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс хариуцан арилгах үүрэг хүлээх энэхүү батгалгааг гаргах зөвшөөрлийг танд олгож байна…” гэсэн утгатай баталгааг гарган өгсөн байдаг. Түүний гарган өгсөн энэхүү баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авахуулахаар холбогдох шүүхэд хандахдаа учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс харилцан арилгах үүрэг хүлээх баталгаа гаргах эрхийг олгосон нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иуд уг хариуцлагыг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл Монгол Улсын иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа гадаадын иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэний хэргийн хариуцагч мөн эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Бидний үзэж байгаагаар тус иргэний хэргийн хэрэгт гаргасан нэхэмжлэлийг олон үндэслэл, баримтаар үгүйсгэн маргахаар байгаа.

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Тодруулж хэлбэл нэр бүхий гадаад улсын шүүхэд битүүмжлэгдээд байгаа хөрөнгөд С.Батболд хамааралгүй, тэдгээр хөрөнгүүд нь бүгд гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгүүд байгаа. Тэнд С.Батболдын нэртэй нэг ч хөрөнгө, компани байхгүй. Жишээ хэлэхэд Сингапур улсын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар Монгол Улсын шүүхэд хариуцагчаар татагдаагүй этгээдийн хөрөнгийг хүртэл битүүмжлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа нь З.Сүхбаатар өмгөөлөгчийн хэлээд байгаа эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа.

-Нэг зүйлийг та бүхнээс тодруулъя. Та бүхний ярианаас үзэхэд АНУ-ын Нью-Йоркын шүүхэд явагдсан иргэний хэрэг чинь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоогүй юм шиг ойлгогдлоо. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар С.Батболдтой холбоотой асуудлыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотой гэж үзээд өлсгөлөн хүртэл зарлаад амжсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс “…Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ…” гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг тодруулж өгөөч …

Өмгөөлөгч Д.Батсүх:

-Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы индэр дээрээс ийм хариулагагүй мэдэгдэл хийсэн явдалд хуульч хүний хувьд нэн харамсаж байгаа. АНУ-ын Нью-Йоркын шүүхэд Монгол Улсын нэр бүхий иргэд болон гадаад улсын иргэн хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх агуулга бүхий нэхэмжлэлтэй маргаан бүхий иргэний хэргийг шүүх шийдвэрлэсэн, Энэ иргэний хэрэг нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоогүй бөгөөд үүнийг Ц.Насанбат прокурор ч ярилцлагаараа баталсан. Харин Англи улсын Лондон хотын олон улсын арбитрын шүүхэд Оюу толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын засгийн газарт холбогдох татвар тогтворжуулах тухай гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой арбитрын хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Ийм энгийн маш тодорхой асуудлыг учир мэдэх төрийн албан тушаалтнууд ойлгохгүй байна гэж үгүй биз дээ. Энэ бол улс төрийн зорилоготой гэж үзэхэд ч багадахаар хууль зөрчсөн ноцтой үйлдэл болоод байгаа юм.

-Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцсан та бүхэнд баярлалаа.  Та бүхний цаашдын ажилд тань амжилт хүсье.

Д.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.11 ПҮРЭВ № 47 (6524)

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа