Дэлхий
Ханхүү Харри америк компанид ажилд оржээ
Их Британийн ханхүү Харри сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Калифорнийн BetterUp компанийн захирлаар ажиллаж эхэлжээ.
Тэрбээр компанийн стратегийн шийдвэр гаргах, буяны үйл ажиллагааг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө үг хэлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллах аж. 2013 онд байгуулагдсан BetterUp компани нь мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон коучингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
“Би хүмүүсийн амьдралд нөлөөлөхийг хүсэж байна. Коучинг нь хувь хүний хөгжил, хэтийн төлөв, хувь хүний сэтгэлгээг тэлэх, амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах хязгааргүй их боломжийг олгодог” хэмээн тэрбээр Wall Street Journal-д ярьжээ.
Хунтайж Харри бага наснаасаа хойш байнга даван туулж ирсэн сэтгэл зүйн асуудлаа, ялангуяа ээж Диана гүнжийн үхэлтэй эвлэрэх нь түүнд ямар хэцүү байсныг удаа дараа ярьж байсан юм. Тэрбээр 20 жилийн турш ээжид нь тохиолдсон явдлын талаар бодохгүй байхыг хичээж, “сэтгэл хөдлөлөө нуудаг байдаг” болон сэтгэл зүйчдийн туслалцаа авах шаардлагатай болсон тухайгаа ярьж байсан аж.