CRI Монгол радио
Том дуугарсан нь хождог тоглоом биш байгаасай
Хүний эрхийн асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн ихээр анхаарал тавьдаг сэдвийн нэг бөгөөд олон улсын харилцааны нэгэн хурц сэдэв болоод байна. Тийм ч учраас зарим улс орнууд, улс төрчид өөрийн улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд “Хүний эрх” гэдэг жүжиг тавьдаг болсон. Зарим нь бүр олон ангит кино болгож байгаа. Үүнээс болж хүний эрхийн асуудал улам л будлиантай болж, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
Америк зэрэг барууны улс орнууд хүний эрхийн асуудлыг том дуугарсан нь хождог тоглоом болгон ашиглаад он уджээ. Бусад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бүс нутаг, тив дэлхий дамнасан дайн тулаан өдөөж, хийсээр өнөөг хүрсэн. Гэтэл Америкийн армийн очсон газар нөгөө яриад байгаа “Хүний эрхийн асуудал” нь улам доордож буйг холбогдох улс орнуудын өнөөгийн байдал тодорхой харуулж байна.
Одоо бид Америкийн дотоодын байдлыг харж “Хүний эрхийн асуудлаа” хэрхэн шийдсэнийг нь харья.
I have a dream, Надад нэг мөрөөдөл бий. Мартин Лютер Кингийн энэ үгийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэднэ. Гэтэл өнгөрсөн оны 5-р сарын 20-нд хар арьстан эрэгтэй Фрейд “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн сүүлчийн үгээ үлдээсэн. Өнөөдөр энэ үгийг ч дэлхий нийтээрээ мэддэг болсон. “Надад нэг мөрөөдөл бий, гэхдээ би одоо амьсгалж чадахгүй байна” энэ бол Америкийн хар арьстнуудын сүүлийн хагас зууны амьдралын хураангуй.
Америкийн улс төрчид хүний эрх гэдэг нэрээр иргэдээ буутай байхыг зөвшөөрдөг. Үүнийхээ “ачаар” Америкт буудлагын гэмт хэрэг гарч буйгаараа дэлхийд тэргүүлж байна. Америкт буутай байх нь хүний эрх атлаа буудуулахгүй тайван амьдрах нь хүний эрх биш юм байна.
Сүүлийн нэг жилд цар тахал дэлхийн нийтийн хамгийн хүнд асуудал байлаа. Гэтэл “Хүний эрхийг дээдэлдэг” дэлхийн том гүрэн Америкийн засгийн газар ард иргэдээ цар тахлаас аварч хамгаалах талд үнэхээр хүчин мөхөстсөн. Эдийн засгийн боломж бололцоо, эмнэлгийн нөхцөл боломж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадвараар Америкийн өмнө гарах улс бараг үгүй билээ. Гэлээ ч дийлэнх улс орнууд иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг тэргүүн байранд тавин ажиллаж, бүх боломж бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцлээ, харин Америкийн улс төрчид цар тахлыг ч улс төр болгон ашиглаж, дотооддоо болон олон улсын хүрээнд маш олон хэл ам, үймээн дэгдээсэн. Үүний хор уршгийг Америкийн эгэл иргэд амссан гэдгийг өнөөдрийн тоо баримт харуулж байна. 2021 оны 2-р сарын сүүлчийн байдлаар Америкийн короновирусийн халдвар авсан хүний тоо 28 саяыг давж нас барсан хүний тоо 500 мянгыг давжээ. Дэлхийн нийт хүн амын 5 хувийг эзэлдэг атлаа нийт халдвар авсан хүний 25 хувийг, нийт нас барсан хүний 20 хувийг Америк эзэлж байна. Мэдээж халдвар авсан, нас барсан хүний дийлэнх нь өндөр настай хүмүүс, ядуу амьдралтай буюу орон гэргүй иргэд байлаа. Тэгш эрх, Хүний эрхийг дэлхий нийтэд номлож зааж дохидог хирнээ өнөөдөр тэгш бус байдал, хүний эрхийг хүндлээгүйгээсээ болж ийм олон иргэдээ эрүүл мэнд, амь насаар хохироож байгаагаа тэд яаж тайлбарлах гэж байгаа бол?
Хүний эрхийн асуудлаар дэлхий нийтээрээ хамтран ажиллах шаардлагатай болоод байгаа. Гэтэл Америк өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд олон улсын болон бүс нутгийн маш олон гэрээ хэлэлцээрээс гарсан, “Парисын хэлэлцээр” зэрэг хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд ихээхэн холбоотой нийтийн гэрээнээс нүүрээ буруулж байгаа нь хүний эрхийг уландаа гишгэж буй хэрэг бус уу?
Энэ мэт яриад байвал ярих зүйл их бий. “Хүний эрхийн асуудлаар” үлэмж зузаан намтартай Америк өнөөдөр холбоо сүлбээ хайн “Шиньжяны асуудал” гэгч хэрэг үүсгэн Хятадыг гүтгэн хэрүүл маргаан үүсгэж, хоёр орны аж ахуйн нэгжүүд, хоёр ард түмнийг ч энэ маргааныхаа хөлд чирэгдүүлж эхэллээ.
Цар тахал бүрмөсөн дарагдаагүй, эдийн засаг, олон улсын худалдаанд ихээхэн сорилт тулгараад байгаа энэ үед энэ мэт улс төрийн шоу жүжгээ ядаж түр хойш нь тавьж болдоггүй юм болов уу?
Хүний эрхийн асуудал том дуугарсан нь хождог тоглоом биш байгаасай.
Э.Жаргалсайхан