Дэлхий
Европын Холбоонд Кремлийн “найз нөхөд” үлдэхгүйд хүрэв үү!
Европын Холбоо /ЕХ/-ны гишүүн орнуудын удирдагчдын төлөвлөөд буй ОХУ-тай харилцах бодлогын талаарх хэлэлцүүлэг нэгдмэл уур амьсгалтай явагдах бололтой.
Ингэснээр Кремлийн талд нааштай хандчихаар өндөр дээд албан тушаалтнууд болон хуульчид Европт үлдэхгүй болж магадгүй.
Өчигдөр эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний чуулга уулзалт дээр Оростой харилцах бодлогын талаар “стратегийн мэтгэлцээн” явуулахаар төлөвлөөд байсан хэдий ч түүнийг дараагийн буюу ирэх зургаадугаар сарын уулзалт руу шилжүүлэхийг Европын зөвлөлийн дарга Шарль Мишель бараг сүүлийн агшинд санал болгосон байна. Урьдчилсан байдлаас харахад, ЕХ-ны орнуудын удирдагчид Орос болон Хятадтай харилцах бодлогынхоо талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай зөвлөлдөх бодолтой байгаа аж. Саяхан гэхэд, Итали, Грек, Кипр гэх мэт зарим орны улстөрчид эсрэг саналтай байсан хэдий ч Оросын эсрэг “украины” хориг арга хэмжээнүүдээ ЕХ сунгасан, өөрөөр хэлбэл, эцсийн мөчид бүгд л “Тэгье” хэмээн зөвшөөрсөн. ОХУ өөрөө л нөхөрлөлийг үл хүсэн, дайсагнах тактик баримталж байна хэмээн ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа тус холбооны гадаад бодлогын газрын тэргүүн Жозеп Боррель өнгөрөгч хоёрдугаар сард тайлбарлаж байсан юм. Энэ удаагийн чуулга уулзалт болохоос гурав хоногийн өмнө буюу өнгөрөгч даваа гарагт Европын зөвлөлийн дарга Шарль Мишель хэлэлцүүлгийн өмнө харилцааныхаа талаар ярилцах зорилгоор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин руу утасдсан байна. Хоорондын харилцаагаа сайжруулахын тулд Донбассын тухай гэрээгээ биелүүлэх, Навальный болон түүнийг дэмжигчдийн эсрэг явуулж буй хэлмэгдүүлэлтээ зогсоохыг Путинд дахин уриалсан гэх уг ярианы дараа тэрбээр тэдний харилцаа бүр доод түвшинд ороод байгаа тухай өгүүлжээ. Харин Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Орос улс хамтран ажиллахад бэлэн байгаа хэдий ч Европын Холбооны зүгээс зүй бусаар аашилж байна хэмээн Путин мэдэгдсэн аж. ЕХ-ны орнуудын удирдагчид энэ удаагийн уулзалтаар ОХУ-тай холбоотой ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргалгүй, Москватай харилцах шинэ стратеги боловсруулахыг Жозеп Боррель болон түүний байгууллагад даалгаж болзошгүй. Гэвч чуулга уулзалтын хөтөлбөр дотор “стратегийн мэтгэлцээн” хэмээн нэрлэгдсэн энэхүү арга хэмжээ нь өнгөрөгч нэг, хоёрдугаар сард Гадаад хэргийн сайд нар уулзахдаа хэдийн зураглаад амжсан ерөнхий замыг тодорхойлох юм.
Оросыг хэн илүүтэй дэмждэг вэ?
Оростой харилцаагаа сайжруулахыг дэмжигчдийн нэг нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэмээн Европын олон тоймчид нэрлэж байгаа. Тэрбээр 2019 онд Москватай харилцаагаа “дахин эхлүүлэх” оролдлого хийн, ЕХ-ны зарим орнуудын дургүйцлийг төрүүлэн байж өөрийн ордондоо Путиныг халуун дотноор угтан авч байв. Энэ оны хоёрдугаар сард Америкийн Atlantic Council хэмээх алдартай судалгааны төвд болсон хэлэлцүүлгийн үеэр Макрон Оростой хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай тухай дахин ярихдаа энэ нь найзлан нөхөрлөж бүх зүйлийг нүдээ аниж өнгөрүүлнэ гэсэн үг биш гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
Ливи дэх нөхцөл байдлыг зохицуулах, Ирантай тогтоох харилцаа болон цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэл гэх мэт Москвагүйгээр хийх боломжгүй зүйлс дээр хамтран ажиллахыг хичээх ёстойг тэрбээр онолын үүднээс авч үзсэн юм. Украины үйл явдлууд болон Оросын дотоод бодлогыг нүдээ анин өнгөрөөж, Москватай “зүгээр л ердийн байдлаар бизнес” хийхийг уриалдаг найз нөхөд өмнө нь Европын засгийн газруудад байсан. Гэвч Италийн Маттео Сальвинийн “Лиг” болон Австрийн Эрх чөлөөний нам дуулиан шуугиантайгаар засгийн газраас гарч, Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг сунгахад Итали, Австри санал нэгдсэн байна. “ОХУ либерал ардчилал руу явж байна гэх хуурмаг үгс одоо Европод сонсогдохоо больсон. Мөн Кремлийн галд өртсөн улс орнууд өөрсдөө л Оросыг өдөөн хатгаж байж ийм байдалд хүрсэн гэх үзлийг таягдан хаяж, Европчууд Оросын гадаад түрэмгийллийг таслан зогсоох ёстой гэх ойлголтыг санал нэгтэй хүлээн авч байна” хэмээн Европын гадаад харилцааны аналитик зөвлөл (CEFR)-ийн тэргүүн Марк Леонард өгүүлжээ.
Оростой харилцах “таван зарчим”
ЕХ-ны орнуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрөгч хоёрдугаар сард болсон уулзалтынхаа үеэр Оросын талаар баримталж буй бодлогоо 2016 оны гуравдугаар сард баталсан “таван зарчим” дээр үндэслэн үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. “Энэ нь хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдал болон Оросын улам нэмэгдсээр буй өөртөө засах байр суурьт дасан зохицох гэхээс илүүтэй өмнөх бодлогын үргэлжлэл юм” гэж Европарламентын шинжилгээний алба үзэж байна. “Ерөнхийдөө, ЕХ өөрөө эдгээр зарчмуудыг баримтлан нухацтай ажиллаж эхэлбэл Москватай харилцах бодлого улам чангарна гэсэн үг. Учир нь, одоог хүртэл ЕХ ийм зүйл хийгээгүй байсан” хэмээн Европын Бодлогын шинжилгээний төв (CEPA) -ийн ажилтан Кандас Хантингтон дурджээ. Тэрбээр “Таван зарчим”-д: Донбассын талаарх Минскийн хэлэлцээрийг биелүүлэхийг ОХУ-аас шаардах, Оросын хөрш улс орнуудтай ЕХ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Орос дахь иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зэрэг орж байгаагаас гадна эрчим хүч, кибер орон зай болон бусад салбарт гарч болзошгүй Оросын аюул заналхийлэлд ЕХ-ны зүгээс тавих эсэргүүцлийг нэмэгдүүлэх, олон улсын бодлогын хувьд Москватай сонгосон зүйлс дээр хамтран ажиллах зэрэг багтдаг. Сүүлчийнхийг эс тооцвол, эдгээр зарчмуудын алийг нь ч ЕХ одоогоор хангалттай мөрдөж ажиллахгүй байгаа” гэж нэмэн тайлбарлав. “ОХУ-тай сөргөлдөх талаарх ЕХ-ны шийдэмгий бус байдал нь түүний стратегийн байр суурийг сулруулан, тус холбооны гишүүн орнууд дотор хагарал нүүрлүүлж, дотоод тархай бутархай байдал нь Оросын өмнө ЕХ хүчин мөхөсдөх байдлыг нэмэгдүүлж байна” хэмээн Кандас Хантингтон Европын бусад олон шинжээч, улстөрчидтэй санал нэгдэн өгүүлсэн байна. Түүний үзэж буйгаар, Европын улс орнууд Оростой харилцах бодлогодоо, ялангуяа Зүүн Европтой холбоо хэлхээгээ бэхжүүлэх тал дээр, мөн Оросын зүгээс ирэх аюул заналхийлэлд ЕХ-ны тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, Орос болон Беларусь дахь иргэний нийгмийг дэмжих зэрэгт эдгээр зарчмуудыг мөрдөхөд бэлэн байгаагаа ахин нотлох ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, ЕХ-ны дээд хэмжээний чуулга уулзалт нь “таван зарчим”-д үнэнч гэдгээ дахин нотоллоо ч бүх зүйл хэвээр үлдэнэ гэсэн үг биш юм. ЕХ тэдгээр зарчмуудыг илүү шийдэмгий хэрэгжүүлж эхлэх болов уу хэмээн Оросын асуудлыг дагнан судалдаг шинжээчид ихээхэн найдлага тавьж байна. Тэд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн ардчилсан гэгддэг Украин, Молдав, Гүрж улсуудтай ЕХ-ны зүгээс идэвхтэй ажиллаж эхлэхийг уриалжээ. “ЕХ-ны Зөвлөл нь Украин, Молдав, Гүржийн хувьд ЕХ-ны гишүүнчлэлийн зарим давуу талыг багтаасан “ялгавартай интеграцичлалын” хэлбэрийг хайх үйл явцыг эхлүүлэх ёстой” гэж Европын бодлогын судалгааны төвийн доктор Закари Пэйкин үзэж байна. “ЕХ-ны гишүүн орнуудын зүгээс Украин, Молдав, Гүржийн цэрэг, аюулгүй байдлын салбарт НАТО-г өргөжүүлэх асуудалтай уялдуулалгүйгээр хамтын ажиллагаанд хөрөнгө оруулж эхлэх ёстой” хэмээн Марк Леонард мөн уриалжээ. Үүний зэрэгцээ, Европын гадаад харилцааны зөвлөлийн тэргүүний үзэж буйгаар, ЕХ нь Орост хандах бодлогоо АНУ-ын шинэ засаг захиргаатай уялдуулж, ингэхдээ эхлээд “Северный поток-2” хий дамжуулах хоолойн төслийг царцааж, зөвхөн дан ганц Вашингтонд найдалгүйгээр Оросын зүгээс ирэх аюул заналхийлэлд хариулах өөрийн чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. Энэ нь Оросод хандах “зарчим дээр тулгуурласан ялгаваргүй байдлын” бодлого баримтлах, зайлшгүй эсэргүүцэх шаардлагатай гэж барууны ертөнц үзэж байгаа тохиолдолд Москваг хатуу эсэргүүцэх, олон улсын байгууллагууд дахь дипломат харилцааг багасгах, цаашид “дахин тохируулах” гэсэн оролдлогыг хийхгүй байх боломжийг ЕХ-нд олгоно гэж Леонард үзэж байна. Тэрбээр: “Цаг хугацаа Путины эсрэг ажиллаж байна. Европын удирдагчдын хувьд, Кремльтэй хамтран ажиллах хүслээ хангах хамгийн сайн арга бол өөрсдөө хэт хүсэж байгаа мэт аашлалгүй, Путиныг тэдэн рүү өөрөө ирэх хүртэл нь хүлээх хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН