Орон нутаг
Сэлэнгийн эргээс дахин гурван цогцос олж, хоёр иргэнийг хайж байна
Энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ мөрнийг завиар гатлах гэж байсан иргэд осолдож, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хөвсгөл аймгийн харьяат арван иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрсөн байдаг. Улмаар 3-38 насны гурван эрэгтэй голын эрэгт эсэн мэнд хүрсэн бол таван сартай хүүхэд, 50 настай эрэгтэйн цогцос олдсон. Харин үлдсэн таван иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж, дахин гурван иргэний цогцсыг олсон байна.
Тодруулбал, өчигдөр өглөөний 09:37 цагт осол болсон газраас 3.5 км зайд тус сумын харьяат иргэн Т, 10:30 цагт осол болсон газраас 4 км зайд Рашаант сумын харьяат А, 16:30 цагт осол болсон газраас 20 км зайд тус сумын харьяат иргэн Т нарын цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цогцсуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.
Улмаар оройн 21:00 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2020.04.23/ өглөөний 06.00 цагт эхлүүлсэн байна. Одоогоор хоёр иргэнийг эрэн хайж байна.