Нийгэм
Ж.Оюунбилэг: Астра Зенека хийлгэсэн хүмүүсийн 100 хувьд, Вероселл хийлгэсэн хүмүүсийн 99.3 хувьд нь эсрэг бие үүссэ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Анагаах ухааны академийн гишүүн, Вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дархлаажуулалтын үр дүнгийн судалгаагаар Астра Зенека вакцины хоёр дахь тунгийн дараа эсрэг бие уг вакциныг хийлгэсэн хүмүүсийн 100 хувьд нь үүссэн бол Вероселл вакцин хийлгэсэн хүмүүсийн 99.3 хувьд нь эсрэг бие үүссэн. Мөн вирусийг саармагжуулах эсрэг биеийг тоолоход 85-90 хувьд нь уг эсрэг бие үүссэн байсан” гэлээ.
Манай улсад хэрэглэж байгаа дээрх хоёр вакцин нь хангалттай дархлаа үүсгэж байгаа, эргэлзэх шаардлагагүй гэдгийг Вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг хэлж байна. Хятадын вакцины тухайд эргэлзэх зүйл байхгүй, ДЭМБ Синофармын вакциныг яаралтай хэрэглэх вакциныхаа жагсаалтад оруулсан юм.
Тэрбээр мөн улс орнууд дотооддоо вакцин хийхийн ач холбогдол их хэмээн ярилаа. Тухайлбал, Казахстан улс үндэсний Казвак гэх вакциныг гарган авч, саяхнаас хэрэглэж эхэлжээ. Мөн ОХУ дотооддоо хийсэн дөрөв дэх вакцин болох нэг тунт Спутник Лайт вакциныг үйлдвэрлэж байна. Эдгээрийн нэгэн адил монгол хүнд дасан зохицож байгаа ковидын омог үүсэхээс сэргийлж, нутгийнхаа онцлогт тохирсон вакцин гаргаж авах нь чухал байгаа аж. Үндэсний вакцины үйлдвэрлэл байх нь цаашид гарах шувууны томуу, гахайн томуу зэрэг өвчнөөс ч урьдчилан сэргийлэх юм гэдгийг Анагаах ухааны академийн гишүүн, Вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг хэлж байна.
Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг өөрөө вакцин гаргаж авч, бүрэн устгасан бол халдварт саа өвчнийг мөн өөрийн вакцинаар устгасны 20 жилийн ой 2020 онд тохиожээ. Монгол Улс хүн ба малын вакцин үйлдвэрлэгч орон юм.
Доктор, профессор Ж.Оюунбилэг “Эдгэрч байгаа хүмүүсийн тоо олон байгаа нь бид хариуцлагатай хандаж чадвал наймдугаар сар гэхэд өвчний дэгдэлтийг дарж чадна гэдгийг харуулж байна. Ковидын тархалтыг хумихын төлөө хичээн зүтгэж, хуулинд сайн дураараа вакцинд хамрагдана гэж заасан боловч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, вакциндаа өргөн хамрагдаач ээ гэж хүсье” гэлээ.