CGTN мэдээ
Мянга сонсохоор нэг хар

Сүүлийн үе Америкаар ахлуулсан өрнөдийнхөн Хятад улсын хөгжлийг сааруулах зорилгоор Шиньжяны хөвөнгийн асуудлыг дэвэргэж, аж ахуйн нэгжүүдийг дарамтлан, хориг арга хэмжээ авахыг шаардсан нь олон баримтаар нотлогдож байна.
Шиньжяны уугуул болсон миний хувьд зүрх сэтгэлд минь хамгийн гүн хоногшсон сайхан дурсамж гэвэл ангийн найзуудтайгаа хөвөн түүж байсан үе байлаа. Өнөөдөр Америкийн яриад байгаа “албадан хөдөлмөрлүүлэх” гэдэг үгийг яасан ч тэр сайхан дурсамжтайгаа хольж хутгахыг хүсэхгүй байна. Хөвөнгийн тариачид, хөвөн түүж амьдралаа тэтгэж байгаа хөдөлмөрчид халуун наранд хөлсөө урсган байж олсон цалин хөлс нь тэдний хувьд хоёр гар, ариун хөдөлмөрөөрөө олсон хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Саяхан би Шиньжянаас ирсэн найзтайгаа хоолонд ороход найз маань “Америчууд ёстой дураараа ярих юм аа, сүүлийн жилүүдэд Шиньжянд хөвөнгийн тариачдын дунд гараар хөвөн түүлт түүх болсон оо, бүх дамжлаг машин механизмд шилжээд удаж байна. Юуных нь албадан хөдөлмөрлүүлэх вэ, аргаа барсан шалтаг л шидээ” гэсэн билээ..
Тоо бүртгэлээс үзвэл, ШУӨЗО бол БНХАУ-ын хөвөнгийн тариалангийн чухал бүс бөгөөд 2020 онд хөвөнгийн ургац нь Хятадын нийт хэмжээний 87.3 хувийг эзэлсэн байна. Мөн 2020 оны байдлаар, Шиньжянд машин техникээр хөвөнгийн ургацын 70 гаруй хувийг авч, “Интернет +” эринд шилжин, хөвөн тариалагчид гэрт сууж гар утасны програмаар хөвөнгөө хураадаг болсон. Энэ нь тэр чигээрээ “албадан хөдөлмөрлүүлэх” гэх гүтгэлэгт хариу барьж буй бодит үнэн мөн.
“Худал яриаг мянга давтахаар үнэн болдог” гэдэгт зарим хүмүүст итгэдэг. Барууны орнууд хэвлэл мэдээллийг ашиглан худлаа цуу яриа тараахдаа гаргууд байдаг. Өнгөрсөн жилүүдэд 100 гаруй улс орны 1000 гаруй дипломатч, сэтгүүлч Шиньжянд очиж, нүдээрээ үзэж, чихээрээ сонсон, бодит мэдээлэл хүргэж байсан тухай албаны тал мэдээлж байсан, тэдний дунд лалын шашинтай орнуудын төлөөлөгч багагүй байлаа. Өөрөө очиж үзэж харж чадахгүй бол ядаж тэдний мэдээлэлтэй танилцах хэрэгтэй биз дээ. Ганц талын, дэвэргэж давшилсан, гүтгэн доромжилсон мэдээлэлд итгэх, дагаж дэрвэх нь нэг ёсондоо өрөвдөлтэй юм.
“АНУ-ын ТТГ “Хятадын тогтвортой байдлыг эвдэх хамгийн сайн арга бол Хятад улсын дотоодод үймээн дэгдээх явдал” гэж үздэг байна. “Тэдгээр уйгарчуудтай хамтран гаднын хүч хэрэглэхгүйгээр Бээжинд дарамт үзүүлж, улмаар Хятад улсыг дотоодоос нь хагалж болох юм” гэж хэлсэн Америкийн Төрийн нарийн бичгийн даргын Тамгын газрын дарга асан хурандаа Лоуренс Вилкерсоны 2018 оны бичлэг цацагдан, Америкийн “жинхэнэ санаа”-г олон нийтэд дахин илчилсэн юм. Тус орны Хөдөлмөрийн яам мөн саяхан “Хятад руу экспортлох хэмжээгээ нэмэгдүүлнэ” гэж олон нийтэд мэдэгдсэн. Гэвч Шиньжяны хөвөн олон улсын зах зээлийн томоохон хувийг эзэлж байгаа болохоор Америкийн хөвөн ямар давуу өрсөлдөх нөхцөл боломжтой гэх вэ дээ. Тиймдээ л тэдний монополчлолын далд санаанд нь саад болсон Шиньжян хөвөнгийн экспортод хориг тавих нь ойлгомжтой хэрэг юм.
Америкаар ахлуулсан өрнөдийн орнууд зорилгодоо хүрэхийн төлөө шал падгүй асуудал хөндөж, “хориг тавих”, “албадан хориг тавиулах” гэсэн байнгын арга башираа хэрэглэж, “буруу замаар будаа тээж” явна. Мэргэн уншигчиддаа хандаж хэлэхэд “мянга сонссоноос нэг харах нь дээр” биз дээ, цаг завтай бол миний төрсөн нутгаар аялан, үзэсгэлэнт Шиньжян нутагтай биечлэн танилцахыг урьж байна.
Сэтгүүлч Н.Пүрэвжав
